Өдөрт 1400 орчим эцэг, эх сургуулийн эргүүл хийж байна

Хүний эрхийн тайланд дурдсанаар судалгаанд хамрагдсан 8000 орчим хүүхэд, эцэг эхчүүдийн 36.2 хувь нь сургуулийн орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг талаар дурджээ. Гэхдээ сургууль орчимд сурагчдын эцэг, эх эргүүл хийдэг болсноос хойш хүүхэд зам тээврийн осолд өртөх болоод сургууль орчимдоо гэмт хэргийн хохирогч болох нь багассан байна.

Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд сурагчдын эцэг эхийг оролцуулах ажил 180 орчим сургуульд хэрэгжиж, өдөрт 1400 орчим эцэг, эх “сургуулийн эргүүл”-ээр ажиллаж байна.

Сургууль орчимд эцэг эхчүүдийн хараа хяналт сайжирсанаар хүүхэд хэрэг зөрчилд холбогдох нь багассан гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллэсэн юм. Мөн сургуулийн эргэн тойронд байдаг автозамаар сурагчдыг зам хөндлөн гарахад тэдгээр эцэг эх хараа хяналт тавьж байгаа ч ямар ч тохиолдолд хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авч байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сургууль орчмын бүсийг хараа хяналттай байлгах, сурагчдыг замын хөдөлгөөнд оролцоход нь ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа ч сургууль орчимд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио байршуулах шаардлагатай. Гэсэн ч эдгээр ажлыг хийхэд төсвөөс мөнгө зарцуулдаггүй тул нийслэлийн ихэнх сургууль сурагчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжит ажлыг хийж чадахгүй байна.