Венесуэль улс өөрсдийн “Петро” криптовалютаа арилжаалж эхэллээ

Venezuelan President Nicolas Maduro addresses a news conference at the Miraflores Presidential Palace in Caracas last week

Эдийн засгийн хямралд өртөөд байгаа Венесуэль улс өөрсдийн гэсэн криптовалют гаргасан анхны улс болж байгаагаа мягмар гарагт зарлалаа. Үндэсний байгалийн баялагаар баталгаажсан “Петро” хэмээн нэрлэж байгаа энэхүү криптовалютыг Венесуэль улсын эдийн засгийг сэргээхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж эрх баригчид найдаж байна. Түүхий нефтийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч, нэгэн цагт Латин Америкийн хамгийн чинээлэг улсын тоонд орж байсан Венесуэль улсын эдийн засаг 2013 оноос эхлэн хямралд автаж, инфляцид нь гарсан өсөлтийн улмаас хоол хүнсний гачигдал үүсчээ. Венесуэлийн иргэд ойр зуурын эм тариа, хүнс ногоо авахын тулд олон цагаар урт дараалалд зогсохоос өөр аргагүй хүнд нөхцөл байдалд өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм.

Өнгөрөгч онд тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын эдийн засгийн хоригоос болж улс эх оронд нь үүсээд байгаа эдийн засгийн хямралыг гатлах арга зам бол өөрсдийн гэсэн үндэсний криптовалюттай болох хэмээн дурдаж байсан. Эрх баригчид эхний жилдээ 100 сая Петрог арилжаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд нэг ширхэг петрогийн үнэ 60 америк доллартай тэнцэх юм байна. Хэрэв эхний ээлжинд арилжаалахаар төлөвлөж байгаа 38.4 сая петрогоо амжилттай худалдаалж чадвал Венесуэлийн засгийн газарт хэдэн тэрбумаар хэмжигдэх их хэмжээний мөнгө орж ирнэ.

Засгийн газраас ард иргэддээ криптовалютоор татвар төлөх болон олон нийтийн үйлчилгээнд Петро ашиглан төлбөр төлөх боломж нөхцлийг бүрдүүлж өгнө хэмээн амласан байна. Гэтэл сарын дундаж цалин гэж 3 ам доллар авдаг Венесуэлийн ард иргэдийн дунд нэг ширхэг нь л гэхэд 60 ам доллараар худалдаалагдаж эхэлж байгаа Петро криптовалютыг авах чадалтай хүн ховор гэж ажиглагчид дүгнэжээ. АНУ-ын Сангийн яамнаас Венесуэлийн үндэсний криптовалютыг худалдаж авбал тус улсад тавьсан хоригийг зөрчсөн хэрэг болно гэдгийг иргэддээ анхааруулсан байна.

 

Б.Амарзаяа