М.Пенс: Хойд Солонгосын төлөөлөгчид АНУ-тай хийхээр товлосон уулзалтаа эцсийн мөчид цуцалсан

Kim Yo Jong, top right, sister of North Korean leader Kim Jong Un, sits alongside Kim Yong Nam, president of the Presidium of North Korean Parliament, and behind U.S. Vice President Mike Pence as she watches the opening ceremony of the 2018 Winter Olympics in Pyeongchang, South Korea, Friday, Feb. 9, 2018. (AP Photo/Patrick Semansky, Pool)

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцохоор БНСУ-д айлчлал хийх үеэрээ БНАСАУ-ын дээд хэмжээний төлөөлөгчидтэй уулзахаар товлож байсан тухайгаа мэдэгдсэн байна. Тэрээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон болон бусад албаны төлөөлөгчидтэй 2-р сарын 10-ны өдөр уулзалт хийх хувиартай байсан ч эцсийн мөчид Хойд Солонгосын тал оролцохгүй гэдгээ мэдэгдсэн учир уулзалт цуцлагдсан гэжээ.

Түүнчлэн Майк Пенс Хойд Солонгосын төлөөлөгчид уулзалт хэлэлцээ хийх сайхан боломжийг алдсанд харамсаж байгаагаа илэрхийлээд тус улсыг цөмийн хөтөлбөрөө орхих хүртэл Япон болон бусад улс орнуудын хамтаар эдийн засгийн хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна. Хэрэв АНУ болон Хойд Солонгосын төлөөлөгчид хэлэлцээрийн ширээний ард суусан бол Доналд Трампын засаг захиргаа Хойд Солонгосын талтай албан ёсны уулзалт хийсэн анхны тохиолдол болох байсан юм.

Зарим ажиглагчид Хойд Солонгосыг олимпийн наадмаар далимдуулан НҮБ-ын хоригийг сулруулах оролдлого хийж байна хэмээн хардаж, олимпийн наадмын үеэр Япон болон АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын найрсаг занд хууртахгүй байхыг Өмнөд Солонгосын талд удаа дараалан сануулж байсан юм. Гэсэн ч Пёнчан хотод зохион байгуулагдаж байгаа өвлийн олимпоор дамжуулан хоёр солонгосын харилцаанд нааштай нөлөө үзүүлсэн хэд хэдэн үйл явдал тохиосныг мартаж болохгүй.

 

Б.Амарзаяа