“Эрдэнэт үйлдвэр” ХХК Өмнөд Африкийн “Стандарт” банкны өрөө төлж эхэлсэн нь тодорхойгүй байна

УИХ-ын 2017 оны намрын чуулганы хаалтын өдөр УИХ-дахь авилгын эсрэг лобби бүлгийн гишүүд эрдэнэт үйлдвэрийн 51% холбоотой асуудлаар засгийн газарт асуулт тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл засгийн газар гишүүдийн асуултад хариу өгөөгүй байна. Мөн үйлдвэр Арбитрын шийдвэрийг биелүүлж эхэлсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Энхболд нарын гишүүд эрдэнэт үйлдвэрийн 51% холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг засгийн газраас шаардаж асуулт тавьсан. Гишүүд асуулга биш асуулт тавьсан учраас засгийн газар ажлын 5 хоногт буюу энэ сарын 16 ны дотор хариу өгөх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна. Гишүүдийн хувьд 51% холбоотой бүх мэдээллийг тодорхой болгохыг шаардсан юм.

Засгийн газар Өнгөрсөн сарын 10 ны өдөр Арибитрын шийдвэрийг хүлээн авсан гэх. Энэ шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ӨА Стандарт банканд 99 сая доллар төлөх ёстой. Хэрэв арбитрын шийдвэрийг хүлээн авснаас хойш төлбөрөө төлөөгүй хоног тутамд 30 мянган долларын хүү төлөх үүргийг ч давхар хүлээгээд байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл энэ өрөө төлж эхэлсэн талаар засгийн газар болоод үйлдвэрийн удирдлагуудаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Хэрэв үйлдвэр 99 сая доллараасаа нэг ч доллар төлж амжаагүй байгаа бол 1 сарын 10 аас хойших 42 хоног алдсан хугацааны хүү 1 сая 260 мянган доллар буюу 3 тэрбум төгрөг давчихаад байна. Ингээд маргаш болоход энэ хүү 1 сая 290 мянга нөгөөдөр 1 сая 320 мянган доллар гээд явж өгөх нь ээ. Тэгвэл үйлдвэрийн 51% барьцаанд тавьсан гэх Жастын Батхүүтэй холбогдох хэрэгийг АТГ шалгаж байгаа ч Прокурорын зөвшөөрөлгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өгөөд байна.

Ч.Дэлгэрцэцэг