С.Ононбат: Шоуны ялагч хэний багийн хэн болох нь хамаагүй. Mонголын дуу хоолойг дэлхий, манай шоуны ялагчаас сонсох учраас “Ялагч” маш хариуцлагатай, хаттай нэгэн байгаасай гэж бодож байна.

The Voice of Mongolia шоуны зургаа дахь дугаар энэ долоо хоногийн ням гарагт үзэгчдэд хүрнэ. Гайхалтай дуу хоолойг хайх, хүчирхэг баг бүрдүүлэх шүүгчдийн халуухан өрсөлдөөн улам л ширүүссээр байна. Тэгвэл одоогийн байдлаар багтаа 10 оролцогчыг аваад байгаа шүүгч С.Онобат дараагийн дугаарт ямар ямар оролцогчдыг багтаа элсүүлэх бол оо. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргье.

Та өөрийгөө бусдад хэн гэж таниулахыг хүсдэг вэ? Тэр хүслээрээ өөрийгөө танилцуулаач.

Би өөрийгөө хэн гэж таниулах нь гол биш. Намайг хэн гэдгээр нь таних вэ гэвэл мэдээж On’n Off production-ы С.Ононбат гэдгээр нь хүмүүс мэдэх байх гэж бодож байна. Тэр нь ч миний байгуулсан компани болоод бидний хийсэн ажлууд олон түмэнд хүрснийх л байх.

Та их “нуугдмал”, олонд ил гардаггүй хүн шүү дээ. The Voice шоу-нд яагаад шүүгчээр ажиллахаар шийдсэн бэ?

Нуугдмал гэхээр хаашаа ч юм бэ дээ, хийж байгаа ажил маань арын фронтынх гэх үү дээ. Манай компани маш олон уран бүтээлчид, компани, байгууллагуудтай ажилладаг. Урлагийнхны хүсэл зорилго, мөрөөдлийг биелүүлэх гүүр гэж болох юм. Манай үеийнхэн бол намайг ямар хүн гэдгийг маань мэднэ. Өөрөө гарахаас илүүтэйгээр бусдаар төлөөлүүлэн харуулах нь илүүтэй болов уу. Voice шоунд шүүгчээр ажиллах болсон шалтгаан гэвэл шинэ, эрчтэй, хүчтэй, авъяастай залууст л дэм болж өөрийнхөө олж авсан мэдлэг туршлагаа хуваалцаж, зөв зам руу нь оруулж нэг ч гэсэн залууд нэмэр болоё л гэж бодсон нэгдүгээрт,2-рт гэвэл угаасаа бидний хийсээр л ирсэн ажил зүгээр тэр маань надаар төлөөлүүлэн ил болж байгаа байх.

Шүүгч хийхээс гадна өөр уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

Манай продакшн олон төрлийн ажил хийдэг гэдгийг мэдэх байх. On’n Off production House – аа барьснаар бидний хийж бүтээх ажил маань ч нэмэгдсэн. Продакшн маань өөрийнхөө үйл ажиллагаагаа явуулахаас гадна дэргэдээ 4Goodness arts & music school эхлүүлээд хүмүүст, хүүхдүүдэд урлагийн боловсрол олгож эхэлсэн байгаа. Манай 4Goodness arts & music school нь насны хязгааргүй сурах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Олон жилийн судалгаан дээр боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр манай төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхээр ахлуулсан олон сайн багш нарын нэгдэл ажиллаж байна. Мөн I.M. (Immortal Music) дууныхаа студийг удахгүй нээх гэж байна даа.

Их ажлын хажуугаар чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Ямар сонирхолтой вэ?

Чөлөөт цагаараа ер нь гэр бүлийнхэнтэйгээ л байх дуртай. Шинээр гарч байгаа дэлхийн кинонуудыг үзнэ. Шинэ дуу хөгжим, дэлхийн чиг хандлага хаашаа явж байгааг сонирхоно. Чөлөөт цаг үнэндээ бол бас л ажил тал руугаа л чиглэгдчихдэг юм. Ер нь тэгээд хоббигоороо ажиллаж, амьдарч байгаа хүн өөр ямар ч байх вэ дээ.

Ихэвчлэн өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Байнга хийдэг зуршил байдаг уу?

Би ер нь их эртэч хүн. Эртхэн босч, хүн холхиж эхлээгүй дээр судлах юмаа судалж, бүтээж, өөрийгөө хөгжүүлэхийг боддог. Сурсан зүйлээ бусдад түгээхийг боддог. Байнгын зуршил нь компьютерийн ард суух, гитар барьж авах юм даа.

Монголын урлаг болон энтертайнмэнт зах зээл хэрхэн хөгжиж байна вэ?

Түрүү нийгмийн буруутай үйлдэл гэх үү, хүмүүсийн ухамсрынх гэх үү хүний бүтээлийг хамаагүй дураараа ашигладаг, хүний оюуны өмчийг үнэгүй мэт үнэлдэг үзэгдэл одооноос цэгцэрч эхлэх гэж байх шиг байна. Монголын урлагийн аль ч салбар одоохондоо урлагт үнэн голоосоо хайртай хэдхэн хүмүүсийн хичээл зүтгэл дээр л явж байна гэхэд болно. Жинхэнэ “дуртай” хэд нь л урлагаа нэртэй төртэйгөөр авч явж байгаа. Энтертайнмэнт салбарын хувьд мэдээж хөгжиж байгаа. Ялангуяа техник тоног төхөөрөмжийн хувьд зах зээлийнхээ хуулийн дагуу түрээсийн компаниуд олноор бий болсон. Зөвхөн тайз, гэрэл гэлтгүй зураг авалтын техникийн түрээсийн компаниуд хүртэл бий болж байгаа нь хөгжлийн нэг шат. Гэхдээ ганц л зүйлийг одоохондоо ухаарахгүй байна. Гэрлийн хүн нь гэрлээрээ, дууныхан нь дуугаараа, дэлгэцийнхэн нь дэлгэцээрээ дагнан мэргэшихгүй байгаа нь харамсалтай байгаа юм.Бүгд “би чадна” гэдэг шиг бүгдийг ганцаараа хийх хүсэлтэй, яг нэг техникээ төгс ажиллуулж сураагүй байж төрөл бүрийн техник авчихдаг. Зарим нэг нь бүр өөрийгөө найруулагч гээд ойлгочихсон явж байгаа нь үнэхээр инээдтэй байгаа юм. Дэлхий дээр хаана ч тийм юм байдаггүй юм, номоороо бол. Цаг хугацааны шалгуураар, зах зээлийн шаардлагаар яваандаа бүх зүйл байр байрандаа орох байх.

Ямар бүтээлийг төгс бүтээл гэх вэ?

Өөлөх юмгүй бүтээлийг л хэлэх байх даа.

Урлагийн хүнд байх ёстой хандлагууд? Хэрэв эдгээр хандлагууд байхгүй бол өөртөө яаж бий болгох хэрэгтэй вэ?

Мэдээж эхлээд авъяас, дараа нь мэдрэмж тэгээд хөдөлмөрч байж л амжилтанд хүрнэ. Авъяасгүй бол яагаад ч нэмэргүй. Мэдрэмж маш чухал. Энэ 2 үгүй бол мянга хөдөлмөрлөөд ч нэмэргүй дээ.

Шинэ үе, залуучуудаа ямар байгаасай гэж зөвлөх вэ?

Эрч хүчтэй, шантрашгүй, өөртөө үнэнч, зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж чаддаг, нялцгар биш, ямагт шинийг эрэлхийлж байгаасай. Сураад дууссан хүн гэж байдаггүй юм. Хүрэх оргилоо хамгийн өндрөөр тавиад, түүндээ хүрэхийн тулд сөөм сөөмөөр урагшлан тэмцэх хэрэгтэй.

Шоунаас төрөн гарах дуучдаас юу хүлээж байгаа вэ? Та тэднийг ямар аргаар бэлдэж байна вэ? /нууцаасаа хуваалцаач/

Шинэ дуучин төрүүлнэ гэдэг бол хүүхэд тээж төрүүлээд, өсгөж бойжуулахтай адилтгаж болох явц. Шоунд мэдээж чадалтай хүүхдүүд оролцож байгаа. Харин энэ бяр амтагдсан хоолойг, багтаж ядсан, дүрэлзэж ассан хүслийг нь яаж зөв залж сурган олны хайр хүндэтгэлийг даахаар дуучин болгох вэ гэдэг бол продюсерийн уйгагүй ажил. Баг хамт олны ажил. Шоуны ялагч хэний багийн хэн болох нь хамаагүй. Монголын дуу хоолойг дэлхий, манай шоуны ялагчаас сонсох учраас Ялагч маш хариуцлагатай, хаттай нэгэн байгаасай. Авъяастай хүүхдүүд байгаа учраас хүлээх юм маань энэ юм даа.Хэрэв би тантай нууцаасаа хуваалцъя гэвэл “Бүх ажил адилхан.Та эхлээд Хүн бай.Дотор сэтгэлээ өрдөж ажлаа Хүн шиг хий” гэдэг зарчим юм. Зарчмынхаа дагуу бэлтгэлээ хийж байгаа.

Монголын залуучууд дэлхийн зах зээлд гарах боломж бололцоо хэр байгаа вэ? Юу дутагдаж байна вэ?

Манайхан бол маш их авъяастай. Гуравхан сая хүнээс Олимпийн аварга төрнө гэдэг маш хэцүү, ер нь бол математикийн онолоор байж болшгүй зүйл. Гэхдээ л Олимпийн аваргатай азтай улс. Гэхдээ азанд дандаа найдна гэж юу байх вэ. Гол нь бодлого хэрэгтэй, улсын нэгдсэн бодлого шүү.Урлаг спортын гэлтгүй бүх салбарт юу л алга байна, улсын бодлого төлөвлөгөө л алга. Би зөвхөн өөрийнхөө салбарыг ярья л даа. Улсын зөв бодлого, тактикаар л дэлхийг байлдан дагуулах бүтээл төрүүлнэ, суперстарыг ч гаргаж чадна. Боломжгүй зүйл бол огт биш.Солонгосын засгийн газрын “зөөлөн хүчний тактикаар” буюу соёл урлагийн зөв бодлогоор одод нь яаж дэлхийг шуугиулж байгааг бүгд мэдэж байгаа. Энэ хэмжээгээр солонгос гэсэн бүхэн “мооданд” орж, солонгост үйлдвэрлэв гэсэн бараанууд борлогдож, солонгос улсруу жуулчид цувж байна. Дэлхийд гарна гэдэг том мөнгөний асуудал. Одоогоор цөөхөн хэдэн телевизүүд дэлхийн хэмжээний том шоунуудыг бүтээл болгож байна, эднээр дамжуулаад монголчууд бас дэлхийд сонсогдож эхэллээ.Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн ганц хоёрхон телевиз бор зүрхээрээ, дур хүслэндээ дэлхийд оюунлаг монголыг сурталчилж байна. Дэлхийд гарнаа гэдэг чинь тэр хэмжээгээрээ маш том өрсөлдөөн, тэр хэмжээгээрээ бөөн хариуцлага, туршлага, чадвартай багийн тоглолт. Хязгааргүй авъяастан байж байснаа гэнэт азаар дэлхийн од болчих юм огт биш. Шоу бизнес өөрөө дэлхийн зах зээл дээр хар тамхи, зэвсгийн наймааны дараа ордог том мөнгө эргэлддэг зах зээл. Маш их мөнгийг шидэж байж маш их мөнгө хэд нугалаад олдог салбар юм.

Та бүтээлүүдийнхээ санааг хаанаас олж авдаг вэ?

Бодлоосоо, зүүднээсээ, уншсан ном, сонссон хөгжим, үзсэн кино, өөрт болон өрөөлд тохиолдсон явдлаас гээд эргэн тойронд өрнөж буй бүхий л зүйлээс гэж хэлж болно.

Амьдралдаа хийж байсан зоригтой бөгөөд дэггүй үйлдэлүүд?

Одоо ярьж болох л байх даа, олон жилийн өмнө юм. Бид хэд үүрээр ажлаа тараад харьж явтал ЗГ ордны хажуугаар гарч таарсан юм. Ордны хажуугаар гарч байсан чинь харуул хамгаалалт нь алга. Одоогийнх шиг ийм өндөр хашаа урд талын хэсэг юу ч байгаагүй, жанжин Д.Сүхбаатарын мавзолей байсан үе л дээ. Бид ч залуу, дөнгөж 20 гарч байсан залуучууд. Тэгээд эхлээд бунхан дээр гарлаа. Индэр дээрээс гараа даллачихаад ордны нэг хаалганаас нөгөө хаалга хүртэл гүйлээ. Хэн ч гарч ирсэнгүй. Тэгхээр нь зориглоод ордны урд хэсгээр, машинтайгаа зүүн хаалгаар нь ороод баруунаар нь гарч нэвт давхиад л, инээлдэж орлилдон зугатаж билээ. Сайхан дүрсгүйтсэн тэгэхэд.

Эхнэр тань мөн адил нэг салбарт ажилладаг. Эхнэртэйгээ анх яаж танилцаж, өөрийн гэргийгээ болгосон бэ? Эхнэр нөхөр нэг салбарт ажиллах онцлог нь юу байдаг вэ?

Миний гэргий 102,5 радиогийн хөтлөгч редактор хийдэг байсан. Олон гоё нэвтрүүлгүүд хийдэг байсан. Гитарчдын тухай нэвтрүүлэг хийж байгаагаа хэлж анх намайг оролцооч гэж урьсан юм. Эхлээд би хоолойг нь сонсч уяраад, нэвтрүүлэгт оролцох гэж очин царайг нь харж алмайраад,ямартай ч гэргийгээ болгоно гэж нэлээд удаан эргүүлсний дараа л миний гэргий болсон. Нэг гэр бүлийн хоёр хамт ажиллана гэдэг надад бол амар. “Эхнэр нөхөр нэг чөтгөр” гэсэн орос ардын зүйр цэцэн үг байдаг. Бас “эхнэр нөхөр байна гэдэг хоёул нэг зүгт харахыг хэлнэ” гэсэн үг бий. Энэ хоёр айхтар мэргэн үгийг би танд хариулт болгон хэлье даа.

Хэр сайн аав бэ? Гэр бүлийн тань үнэ цэнэ юунд оршдог бол?

Хүүхдүүд маань л хэлэх байх даа. Би ч ер нь мэдээж сайн байхыг л хичээж амьдардаг. Хүүхдүүдээ сайхан эрхлүүлэх дуртай. Дураар нь байлгахыг боддог. Өөрийн үзэл бодолтой хүмүүс болгохыг хичээдэг дээ.Гэр бүлийн үнэ цэнэ бол харилцан хүндэтгэл, хайр, тэвчээр гэж би бодож байна.

Хүн бүхэн л насан туршдаа суралцдаг гэлцдэг. Та юунд дахин суралцаж, өөрийгөө хөгжүүлмээр байна вэ?

Энэ бол туйлын үнэн. Насаараа л сурсаар байгаа. Хэзээ ч зогсохгүй байх. Шинэ зүйл болгоныг сурч чаддагүй юм аа гэхэд мэддэг байх хэрэгтэй. Хүн ер нь өөрийгөө ямагт голж суралцаж байх нь хүн байгаагийн шинж байх.

Өөрийн тань хийсэн хамгийн сэтгэлд хүрсэн бүтээлүүдээс нэрлээч. Таны сэтгэлд хүрсэн учир юу байв?

Ямар ч бүтээлч хүн өөрийнхөө хийсэн зүйлээ төгс болсон гэж хэлж чадахгүй л байх. Би ч бас дараа нь харж байхад тэрнийг нь ч янзалчихмаар, энийг нь ч засчихмаар санагддаг. Гэхдээ хамгийн гол зүйл нь хүнд яаж хүрч байна гэдэг нь чухал байх. Чиний бүтээлийн талаар хүн юм ярьж л байвал чи ямартай ч нэг юм хийсэн л байна гэж бодогддог. Огт ярихгүй байвал ер нь тун тааруухан юм хийж дээ гэж бодогдох байх даа.

Монгол болон гадаадын сонсох дуртай хамтлаг, дуучдаас нэрлээч?Монголынхоо гэвэл ер нь миний дээшээ болоод үеийнхээ хамтлаг дуучдыг бүгдийг нь сонсоно. Гадаадын гэвэл бас маш их олон. Миний ажлын онцлог гэх үү дээ. Бүгдийг нь сонсож мэдэж байх учиртай. Тэндээс суралцах зүйл маш их бий.

Яг одоо та юу мөрөөдөж, юунд “жигүүр”-лэгдэж байна вэ?

Мөрөөдөл их бий. Заримыг нь биелүүлээд хэрэгжүүлээд л явж байна. Одоо Voice-д оролцож байгаа оролцогчдоос шинэ эрч хүч, чадал, чансаа, найдлага тавьж байна. Багаа бүрдүүлчихээд үзүүлж өгнө дөө л гэж бодож байна.