Өлгийтэй байхаасаа рок дуугаар бүүвэйлүүлж өссөн Д.Бямбахишиг

Дуу хөгжим тэр чигтээ мэдрэмж байдаг. Дууг зүгээр нэг дуулаад зогсохгүй түүгээрээ мэдрэмж төрүүлж чадна гэдэг дуучин хүний хамгийн гол чадвар мөн. Тэгвэл дуугаа мэдрэх ер бусын чадвар, мэдрэмжээрээ шоуны шинэ дугаарт ялгарч чадсан хүн бол Д.Бямбахишиг. Түүний зөвхөн өөрийнхөөрөө байж, өөрийн мэдрэмжинд яг тэр цаг мөчид хэнээс ч хамааралгүй оршиж чадаж байсан нь анхаарал татаж байлаа. Ер бусын, этгээд гэмээр түүний илэрхийлэмж содон, бас гайхамшигтай байсан юм.
ХААИС-ийн экологийн 4-р курсын оюутан, мэргэжлийн бус хүн гэхэд тэр өөрийн давуу тал харах өнцгийг хэдийнээ мэдэрч чадсан нь олзуурхууштай явдал байлаа. Харин түүний хэлснээр өөрт нь нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл бол рок хөгжим сонирхогч аав нь байжээ. Тэр өлгийтэй байхаасаа эхлэн рок сонссоор ирсэн учраас амьд хөгжмийн хорхойтон болон өссөн байна. Харин ээж нь түүнийг ардын дуучин болгохоор нэг хэсэг дугуйланд хүртэл бүртгүүлж байж. Ямар нэгэн мэргэжил эзэмших ёстой учраас ХААИС-д элссэн түүний хамгийн дуртай зүйл дуу дуулах юм. Тийм учраас тэр энэ тайзан дээр зориглон гарч ирсэн биз. Шоу улам бүр өрсөлдөөнтэй болж шүүгч нар өөрийн багт хамгийн хүчтэй оролцогчийг авахаар тэмүүлж буй энэ үед Д.Бямбахишиг бол үнэхээр том олз байлаа. Харин тэр яагааад Д.Болд шүүгчийг сонгох болсон юм бол. Тэд хэр сайн хамтрагч болохыг шоуны дараагийн шатанд харцгаая.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.