Ахмад настнуудад “ганцаардлын хам шинж” нийтлэг тохиолддог байна

Нийгэмд орхигдож байгаа олонхи хүмүүс бол ахмад настнууд гэдгийг сэтгэл судлаач онцолж байна. Насаараа хөдөлмөр эрхэлж явсан ахмад настнуудад тэтгэвэр тогтоолгосны дараа зарим нэг хүчин зүйлийн улмаас ганцаардлын хам шинж илэрч, сэтгэл зүйд нь өөрчлөлт орох тохиолдол гардаг байна. Тиймээс ахмадуудад зөвлөгөө өгөх төв байгуулахаас гадна үр хүүхдүүд нь эцэг, эхтэйгээ ярилцах нь үр дүнтэй гэдгийг сэтгэл зүйч санууллаа.
Тухайлбал СХД-ийн иргэн Б насаараа үйлдвэрт ажилласан нэгэн. Тэрээр дөрвөн жилийн өмнө тэтгэвэр тогтоолгож, одоо гавьяаны амралтаа авсан. Харамсалтай нь жилийн өмнө хань ижлээ алдаж одоо хүү, бэр, ач зээ нарын хамт амьдарч байна. Иргэн б зундаа байрныхаа гадаа үеийн хөгшидтэй даалуу тоглож, үе үехэн ач зээ нарыгаа цэцэрлэг, сургуульд нь зөөнө…
Энэ бол өнөөгийн нийгэмд амьдарч байгаа 200 мянга гаруй ахмад настнуудын төлөөллийн жишээ. Та бидний түүх болсон ахмад буурлууд цагтаа цаг наргүй хөдөлмөр эрхэлж байсан бол өнөөдөр тэтгэврээ сууж, биологийн нас нь залуу ч сэтгэлзүйгээрээ хөгширч, нийгэмдээ орхигдсон олонхи хүмүүсийн төлөөлөл болсон байна гэдгийг сэтгэл судлаач нар онцолж байгаа юм. Олон улсын туршлагаас авч үзвэл ахмад настнуудынхаа насны онцлогт тааруулсан хөтөлбөр, төрийн үйлчилгээ байдаг байна. Тухайлбал дахин мэргэшүүлэх, залуу үедээ туршлага суулгах, амьд харилцааг бий болгох зорилгоор залуустай холбох гүүр болж чадах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Мөн ахмадуудад хань ижлээ алдах, цөөхөн хүүхэдтэй байх, ажилгүй болсон, сэтгэлийн дарамт зэрэг шалтгааны улмаас сэтгэлзүйн хувьд өөрчлөлт гардаг учраас ахмадын зөвлөгөө өгөх төвийг ч ажиллуулдаг юм байна.

2017 оны нэгдүгээр сард “Ахмад настны хууль”-ийг шинэчлэн найруулж, төрөөс ахмадуудад үзүүлэх үйлчилгээг хуульчилсан. Ингэхдээ ахмадуудад үзүүлэх үйлчилгээнд лавлагаа, мэдээллийн үйлчилгээ, зөвлөгөө өгөх, явуулын үйлчилгээ, өдрийн болон сайн дурын үйлчилгээ; өдрөөр эмчлэх, асран сувилах, асрамжийн үйлчилгээ, хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалагдах үйлчилгээгээр хангана гэж хуульчилжээ. Хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Гэтэл энэ төрийн үйлчилгээ улсын хэмжээнд бүх ахмад настнуудад хүртээмжтэй байж чадах уу…Мэдээллийн дэлгэрэнгүйг бүтнээр нь хүлээн авч үзнэ үү…

Б.Даваасүрэн
davaasuren.b@mongoltv.mn