Б.Ууганцэцэг: Ахмад настнуудын хамгийн дээд хэрэгцээ нь өөрийгөө илэрхийлэх юм

Оролцогчдын онцлох эшлэлүүдийг хүлээн авна уу.

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

  • Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүсийн 10 орчим хувь нь ахмад настан хэмээх тодорхойлтод орохоор тооны хүмүүс байна.
  • Ахмад настнуудын хамгийн дээд хэрэгцээ нь өөрийгөө илэрхийлэх байдаг.
  • Ажлаас гарах, хамт олонгүй болох, хань ижлээ алдах, эрүүл мэндийн өвчлөлүүд, хөдөлмөрийн хуваарь өөрт нь байхгүй болсон мэт сэтгэгдэл төрөх эдгээр зүйлүүдээс болоод ахмад настнууд ихэвчлэн бухимддаг.
  • Өндөр хөгжилтэй улсуудыг аваад үзвэл ахмад настныг тэтгэвэрт гарахаас өмнө сургалтад хамруулдаг, сэтгэл зүйн зөвлөгөөг заавал өгдөг.
  • Тэтгэвэртэй суух гэж байгаа тэр хүмүүсд эргээд та ийм байна шүү, ийм байдал таныг хүлээж байгаа шүү, нөхцөл байдал ийм болно, сайн тал нь ийм, сөрөг тал нь ийм гэдгийг сануулдаг тогтолцоо манайд байдаггүй.

Монголын ахмадын холбооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Цэцэгсүрэн

  • Манай холбоо ахмадуудыг сонголт талаас нь орхигдуулдаггүй. Ямар нэг төрийн үйлчилгээ үзүүлэхдээ үнэхээр өгчих ёстой дэмжлэг туслалцааг нь авах ёстой хүнд нь хүргэхийн төлөө ажилладаг ч үүнд хамрагдаж чадахгүй ахмадууд бас байдаг.
  • Улс төрчид болж өгвөл ил, далд мөнгө өгч амьдралыг нь дэмжиж байгаа мэт дүр эсгэн, хэрэв намайг сонговол танд өшөө илүү мөнгө өгнө, гэсэн байдлаар ахмадуудыг уриалан дууддаг юм шиг санагддаг.
  • Цагаан сар уламжлалт баяр боловч нэг талаасаа ахмадуудад хүндээр тусч нөгөө талаасаа Монголчуудын нийтлэг зан бий. Тэр нь энэ жил эднийх ингэж шинэлсэн байна, дараа жил ингэе гэсэн өрсөлдөөний шинж байдаг.
  • Ахмад настны тухай хуульд ахмадуудын асуудлыг шийдвэрлэх, ахмадуудын нийгмийн асуудалд чиглэсэн олон асуудлыг шийдвэрлэж өгсөн. Хамгийн гол нь ахмадууддаа үүнийг мэдүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой.
  • Тухайн байгууллагадаа мэргэжлийн өндөр төвшинд олон жил ажилласан, хөдөлмөрийнхөө үр шимийг хойч үедээ хүргэж чадах ахмад настнууд үргэлжлүүлэн ажиллаж болно хэмээн хуулиндаа заасан байдаг.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа

  • Ахмад үетэйгээ, өөрсдөөсөө дээш насны улсуудтай зөрөлдөнө гэдэг байж болохгүй зүйл. Тэр тусмаа гэр бүлсэг гэж ярьдаг манай улсад тийм зүйл байхгүй байх аа.
  • 2017 онд “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрөгч онд 2300 орчим ахмад настан хамрагдаж, өөрийн эзэмшсэн мэргэжилийнхээ дагуу тухайн салбарт ажиллаж байгаа залуучууддаа зөвлөгөө, тусламж өгөх үйлчилгээ явуулсан.
  • Бид бүхэн ахмад настнуудаасаа өнөөдрийг хүртэл суралцаж байгаа. Хүн үхтлээ сурдаг. Хүн хэнээс сурах вэ? Бид нар ахмадууд хүмүүсээс л сурна.

ҮСХ-ны хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал

  • Монгол улсын хэмжээнд ахмад настан буюу 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд 190 гаруй мянга байна. Энэ нь нийт хүн амын 6,1 хувь юм.
  • Манай улсад ахмад настнууд 2030 онд 300 мянга орчим, 2040 онд 400 мянга хүрэх хандлагатай байна. 2045 онд нийт хүн амын 13 хувьд хүрнэ.
  • Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа өндөр настай малчинд зориулсан бодлого, төв суурин газарт амьдарч байгаа хүмүүст тохирсон бодлогыг тус тус тааруулж гаргах хэрэгтэй.
  • 200 гаруй мянган ахмадын амьдарч байгаа хэв маяг өөр өөр. Жишээ нь малчин өрхийн ахмад настны хувьд ар гэрийг зохицуулах, хүүхэд харах, хүүхдийн аюулгүй байдал дээр анхаардаг.

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн нийгмийн ухааны салбарын багш, Ph.D С.Туяа

  • Сэтгэл зүйн хувьд хүнд асуудалд орсон, нийгмийн байр сууриа алдсан хүмүүс юм, гэсэн хандлагаар ахмад хүмүүсээ хүндэлж, хайрлах хэрэгтэй.
  • Монголчуудын хувьд уламжлалт байдлаар аав ээжийгээ асрах, энэрэх гэдэг дамжиж ирсэн зүйл.
  • Ахмад настнаа ойлгох, тэдний хэрэгцээ, асуудалд нь чиглэгдсэн арга барилаар харилцах хэрэгтэй.
  • Бид нар аав ээжийгээ гэртээ зүгээр байж бай, ажил битгий хий гэж хэлдэг. Гэтэл ахмад настнууд нийгмийн үүрэг нь хэдий хумигдсан боловч гэр бүлдээ асар их үүрэг гүйцэтгэдэг.