Олимпийн наадам, Аваргуудын лиг болон бусад спортын мэдээллүүд

ЦАНЫН ХАРАЙЛТАД БАГИЙН ТЭМЦЭЭНД АНХ УДАА НОРВЕГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

Пёнчаны өвлийн олимпийн наадмаас Норвегийн тамирчид цанын харайлтын багийн тэмцээнээс түүхэндээ анх удаа алтан медаль хүртлээ. Цанын харайлтын тэмцээнүүдийн сүүлийн өдөр Норвегийн эрэгтэй баг 1098.5 оноогоор тэргүүлж, араас нь Герман, Польшийн багууд мөнгө хүрэл медаль хүртлээ. Норвегийн эрэгтэй багаас өмнө нь ганцаарчилсан төрлүүдээс нэг мөнгө, хоёр хүрлийн эзэд тодроод байлаа. Мөн эмэгтэйчүүдийн тэмцээнд Норвегийн тамирчин тэргүүлснээр хоёр алтан медальтай цанын харайлтын тэмцээнийг нийлбэр дүнгээр тэргүүлж байна.

НОРВЕГИЧУУД ОЛИМПИЙН НААДМЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Пёнчаны өвлийн олимпийн наадмыг Норвегийн баг 11 алт, есөн мөнгө, нийт 28 медальтай тэргүүлж байна. Тэд 109 тамирчны бүрэлдэхүүнтэй 23-р наадамд оролцож байгаа. Тэгвэл 156 хүний бүрэлдэхүүнтэй өрсөлдөж байгаа германчуудаас бобслэй чарганы эрэгтэйчүүдийн хосын төрөлд алтан медальтан тодорч 10-6-4 гэсэн үзүүлэлттэй дэд байранд эрэмблэгдэж байна. 226 тамирчин нь өвлийн олимпд ирсэн Канадын багаас эдгээр өдрүүдэд бобслэйн эрэгтэйчүүдийн хосын төрөлд германы багтай алтан медалиа хувааж, уран гулгалтын бүжиг, цанын чөлөөт үзүүлбэрийн төрлүүдэд алтан медалийн тоогоо нэмжээ.

КАНАД, ГЕРМАНЫ ЧАРГАЧИД АЛТАН МЕДАЛИЙГ ХУВААЛАА

Олимпийн наадмын бобслэй мөсний чарганы эрэгтэй хосын уралдаанд Канад, Германы тамирчид нийлбэр дүнгээр яг ижил цаг үзүүлж алтан медалийг хуваан эзэмшлээ. Тодруулбал уралдааны дөрөв дэх гараанд Латвийн тамирчид 49.21 секунд буюу хамгийн хурдан нь байсан. Харин Германы чаргачид 49.22 секундэд барианд орсон бол Канадын тамирчид 49.28 секундэд бариалж нийлбэр цагаар яг ижил 3 минут 16 секунд 86 долийн амжилтаар зэрэгцсэн юм. Ийнхүү Герман, Канадын хослолууд алтан медаль хүртэж, Латвийн баг тэднээс таван долийн хоцрогдолтой хүрэл медалийн тавцанд гарсан байна. Ердөө хэдхэн долийн зөрүүгээр шийдэгддэг бобслэйн уралдаанд хамгийн сүүлд 20 жилийн өмнө буюу 1998 онд Японы Нагано хотноо болсон 18-р өвлийн олимпийн наадамд ийм явдал тохиож, Итали, Канадын хослол алтан медалийг хувааж байлаа.

ТЭШҮҮРИЙН 500 М-Т ОЛИМПИЙН РЕКОРД ШИНЭЧЛЭГДЭВ

Тэгвэл олимпийн наадмын тэшүүрийн тэмцээний эрэгтэйчүүдийн 500 м-ийн уралдаанд олимпийн наадмын дээд амжилт шинэчлэгдлээ. Энэ зайд олимпийн наадмын рекордыг 2002 онд Америкийн тамирчин Кэйси Фитцрендольф 34.42 секундээр тогтоож, сүүлийн гурван олимпд эвдэгдээгүй байсан юм. Тэгвэл зохион байгуулагч БНСУ-ын тамирчин Ча Мин Кю 34.42 секундэд барианд орсноор түүнтэй зэрэгцсэн. Гэхдээ 2015 онд Оросын тамирчин Павел Кулижников Дэлхийн цомын тэмцээний үеэр 33.98 болгон дэлхийн рекордыг тогтоож байлаа. Харин энэ өдөр Норвегийн тамирчин Ховар Лорентсен 34.41 секундын амжилтаар барианд орж, олимпийн дээд амжилтыг нэг секундээр шинэчиллээ. Норвегийн багийн энэхүү олимпийн тэшүүрийн тэмцээнээс хүртсэн хоёр дахь медаль, анхны алт нь байлаа.

МЕХДИ ТАРЕМИГИЙН ГАЙХАЛТАЙ ТОГЛОЛТ БАГТАА ЯЛАЛТ АВЧИРЛАА

Азийн хөл бөмбөгийн аваргуудын лигийн хэсгийн хоёр дахь тоглолтууд эхэлж, Уэсли Снэйдэрийн тоглож байгаа Катарын Аль Харафа талбайдаа Ираны Трактор Сазиг хүлээн авч тоглосон юм. Хоёр багийн аль аль нь эхний тоглолтондоо хожигдоод байв. Тэгвэл энэ тоглолтонд Катарын багийн Иран довтлогч Мехди Тареми нутгийнхаа багийн эсрэг гайхалтай тоглолоо. Өнгөрсөн жил Персеполис клубын бүрэлдэхүүнд Ираны лигт түрүүлж байсан Мехди Тареми эхний гоолыг өөрөө оруулсан. Удалгүй хамгаалагчаас бөмбөг булааж дахин гоолын боломжийг гаргаж Уэсли Снэйдэрт дамжуулалт өгсөн ч зочин багийн хамгаалагч өөрийн хаалгандаа бөмбөг оруулсан. Эхний тоглолтонд Мехди Тареми, Уэсли Снэйдэр нар гоол оруулсан ч Аль Харафа 3:2-оор Эмиратын Аль Жазирад ялагдаж байсан юм. Энэ өдөр хоёр багийнхнаас аль аль нь торгуулийн цохилт алдсан. Эхний хагаст Трактор Сазигийн тоглогч боломжоо ашиглаж чадаагүй бол хоёрдугаар үед Мехди Тареми мөн 11 метрийн цэгээс оруулж чадаагүй юм. Ингээд үндсэн цаг 2:0-ээр дууссан. Гэхдээ одоо 25 настай Ираны шигшээ багийн довтлогч шүүгчийн сунгасан дөрөв дэх минутанд онооны харьцааг 3:0 болгож чадсан. Ийнхүү энэ тоглолтонд дөрвөн гоолын боломж бий болгож хоёрыг оруулснаар Аваргуудын лигийн хоёр тоглолтонд гурван гоолтой мэргэн буучдыг тэргүүлж байна.

АЛЬ АХЛИ ЗУРГААН ОНООТОЙ ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Аваргуудын лигийн Эй хэсгийн нөгөө тоглолт Саудын арабын Аль Ахли, Аль Жазира багуудын хооронд явагдсан юм. Хоёр багийн аль аль нь нээлтийн тоглолтондоо хожчихоод байсан учир энэ бол хэсгийн тэргүүллийн төлөөх тоглолт байлаа. Эхний гоол 10 дахь минутанд гайхалтай цохилтоос орсон. Эхний хагас 1:0-ээр дууссан бол хоёрдугаар үед торгуулийн цохилтоос дахин Аль Жазирагийн хаалганд гоол орсноор үндсэн цагт 2:1-ийн харьцаатай Аль Ахли дахин хожлоо. Тэд зургаан оноотой хэсгээ тэргүүлж эхэлсэн юм.

ЧАВИГИЙН БАГ ХОЁР ДАХЬ ЯЛАЛТЫНХАА ТӨЛӨӨ ТОГЛОНО

Испанийн алдарт хөл бөмбөгчин Чави Эрнандесийн тоглож байгаа Катарын Аль Садд баг Азийн аваргуудын лигийн хэсгийн хоёр дахь тоглолтоо талбайдаа Ираны аварга Персеполисийн эсрэг хийх гэж байна. Хоёр багийн аль аль нь хэсгийн эхний тоглолтондоо хожсон. Гэхдээ тэд өмнө нь хоорондоо огт тоглож байсангүй. Аль Садд клуб түүхэндээ 1989, 2011 онуудад Азийн аварга болж байлаа. Тэд өнгөрсөн жил лигтээ дэд байр эзэлж, дотоодын цомын тэмцээнд түрүүлсэн.

АЛЬ САДД КЛУБЫН ДАСГАЛЖУУЛАГЧ ЖЕЗУАЛДУ ФЕРРЕЙРА : “Мэдээж бид тоглолтоос тоглолтонд арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Бид лигтээ түрүүлж, Аваргуудын лигт аль болох өндөр амжилт гаргахыг зорьж байна. Катарын лигийн хуваарь их шахуу байдаг. Гэсэн хэдий ч бид тоглох л ёстой. Тиймээс манай тоглогчид бага зэрэг ядарч байгаа нь тиймхэн байна. ”

ЧЕЛСИГИЙН ТАЛБАЙД БАРСЕЛОНА ЗОЧИЛНО

Өнөөдөр шөнө аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд үргэлжилнэ. Английн Лондон хотын Стэнфорд Бриж цэнгэлдэхэд Испанийн Барселона зочилж, Челсигийн эсрэг тоглох юм. Энэ хоёр баг 2000 оноос хойш 12 удаа тоглоход Каталоны баг гурван удаа хожиж, таван удаа тэнцжээ. Хамгийн сүүлд гэхэд 2012 оны Аваргуудын лигийн хагас шигшээд таарахад Челси эхлээд талбайдаа 1:0-ээр хожиж, хариу тоглолтонд 2:2-оор тэнцснээр нийлбэр дүнгээр Английн баг түүхэн финалдаа шалгарч байлаа. Испанийн премьер дивизионыг долоон онооны зөрүүтэй тэргүүлж байгаа Барселонагаас төвийн хамгаалагч Нелсон Семедо эхний тоглолтыг өнжинө. Мөн өвлийн цонхоор Каталоны багт нэгдсэн Филиппе Коутиньо хэдийн Ливерпүүлд байхдаа Аваргуудын лигийн энэ улирлын тоглолтонд оролцчихсан учир Барселонагийн төлөө тоглох боломжгүй юм.

ЧЕЛСИГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ АНТОНИО КОНТЕ: “Цаасан дээр бичсэнээр бол мэдээж Барселона тэмцээнийг цааш үргэлжлүүлэх магадлал өндөртэй. Харин бид ялах найдвар арай багатай тоглолтыг эхлүүлнэ. Гэхдээ энэ нь тоглолтын бүр ч сайхан болгож байгаа юм. Энэ удаагийн тоглолтууд хоёр багийн аль алиных нь хувьд энэ тэмцээнд хэр амжилттай оролцох вэ гэдгийг тодорхойлох чухал тулаанууд байх болно. Бидний хувьд ч энэ улирал ямар байгааг маань тодорхой харуулна. Бид тоглолтонд сайн бэлдсэн. Мэдээж Барселонагийн эсрэг тоглоно гэдэг амаргүй. Тэд гайхалтай улирлыг өнгөрүүлж байна. Тэд лигээ тэргүүлж, цомын тэмцээндээ шөвгөрсөн. Энэ тэмцээнд ч түрүүлэх боломжтой.

АЙНТРАХТ ФРАНКФУРТ ГУРАВТ БИЧИГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Германы Бундеслигийн 23-р тойргийн үлдсэн нэг тоглолт Айнтрахт Франкфурт, Лайпциг багуудын хооронд боллоо. Тоглолтын өмнө Лайпциг 38 оноотой, Айнтрахт Франкфурт тэднээс хоёр оноо дутуу байсан юм. Өөрөөр хэлбэл талбайн эзэд хожвол хүснэгтийн гуравдугаар байр руу ахих байлаа. Тэгвэл тэд хэдийгээр эхлээд гоол алдсан ч эцэст нь ялалтанд хүрч чадсан юм. Тэд 4 минутын зайтай хоёр гоол оруулж тоглолтыг эргүүлсэн. Кевин Принц Боатенгийн гоол багтаа ялалт авчирсан. Эхний хагас 2:1-ээр дуусч тоглолтонд ахиж гоол ороогүй. Ингэснээр Айнтрахт Франкфурт Боруссиа Дортмундаас ганц, тэргүүлэгч Байерн Мюнхенээс 20 оноо дутуу гуравт эрэмблэгдлээ. Тэд лигтээ сүүлийн таван тоглолтоос дөрөв дэхээ хожлоо. Харин Лайпциг энэ тоглолтонд хожигдсоноор хоёроос тав руу ухарлаа.

ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-ИЙН АЛТАН ЦОМ ПАЛЕСТИНД ЗОЧИЛЖЭЭ

Энэ жил ОХУ-д болох хөл бөмбөгийн ДАШТ-ий алтан цом Палестинд зочилсон байна. ДАШТ-ий аварга баг энэхүү ногоолин суурьтай, 36.8 см өндөр, 6.1 кг жинтэй 18 каратын алтан бүрмэл цомыг хүртэх юм. Энэ цом өмнө нь Грекийн домогт гардаг ялалтын бурхныг дүрсэлсэн, ОУХБХ-ны гурав дахь ерөнхийлөгч, тус холбоог хамгийн удаан хугацаанд удирдсан Жюль Римегийн нэрэмжит байлаа. Харин 1974 оноос хэлбэр хийц нь өөрчлөгдөж дэлхийн бөмбөрцөг, хоёр хүн бүхий өнөөгийн энэхүү дүрслэлтэй болсон юм. Палестинчууд Монголтой ижил 1998 онд ОУХБХ-нд нэгдсэн бөгөөд мөн л одоогоор хараахан баг нь ДАШТ-д шалгарч чадаагүй байна. Гэхдээ Палестиний шигшээ баг дөрвөн жилийн өмнө Азийн Челленж Кап тэмцээнд түрүүлж, мөн ирэх жилийн Азийн цомын тэмцээнд шалгарчихаад байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн ДАШТ-ий цомын аялал зургаан тивийн 50 орноор үргэлжилж ирэх тавдугаар сард нэгэнд ОХУ-ын Владивостокд хүрэх юм. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 23-нд ирнэ.

Э.Энхбаяр