ОХУ-ын эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх мэдэгдлийг няцаав

Даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ нөлөөлсөн гэх мэдэгдлийг албан ёсоор няцааж байгаагаа зарласан байна. Тэрээр “АНУ-ын гаргасан мэдэгдлээс ОХУ-ын засгийн газар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нь нөлөөлсөн гэх үндэслэлтэй баримт нотолгоо олж харахгүй байна” гэжээ.

Өнгөрөгч баасан гарагт АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны тусгай зөвлөлийн дарга Роберт Мюллер 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар нөлөөлж Доналд Трампыг ерөнхийлөгчийн суудалд суухад нөлөө үзүүлсэн гэх хэргээр ОХУ-ын 13 иргэн, гурван байгууллагын нэрийг ил болгосон юм. Хэрэгт холбогдсон хүмүүсийг АНУ-ын иргэний хуурамч дүрээр олон нийтийн сүлжээнд хуурамч пейж хуудас болон групп үүсгэж Доналд Трампын тухай суртал ухуулга хийсэн, түүнчлэн 2014 онд тэрхүү ажиллагаагаа явуулах зорилгоор АНУ-д тагнуулын шугамаар очиж мэдээлэл цуглуулсан зэрэг үндэслэлүүдээр буруутгасан байна. Нэр нь илчлэгдсэн 13 хүний дотор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүн, Оросын олигархуудын нэг Евгений Пригожин багтаж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Сергей Лавровын адилаар АНУ-ын мэдэгдэл баттай баримт нотолгоо байхгүй байгааг дурдаад хэрэгт буруутгаж байгаа 13 хүн нь ОХУ-ын иргэд болохоос ОХУ-ын засгийн газар биш гэдгийг онцолжээ. Харин интернет судалгааны агентлагт өмнө нь ажиллаж байсан Марат Миндияров ОХУ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн нь үнэн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

Б.Амарзаяа