Хүүхдийнхээ чихрийн хэрэглээнд хяналт тавихыг анхааруулж байна

-Бага насны хүүхэд хоногт 5 гр, сургуулийн насны хүүхэд 6-8 гр сахар хэрэглэх нь зохистой-

Монголчууд чихрийг гурван цагаан хорын нэгээр нэрлэдэг. Тэгвэл 3 цагаан хорын нэгийг ялангуяа хүүхдүүд баярын өдрүүдэд ихээр хэрэглэж байна. Тиймээс бага насны хүүхдийн чихрийн хэрэглээг хянахыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

  • Баярын ширээнд тавигддаг ихэнх чихэр нэг нь 25-140 гр жинтэй, 25-100 гр сахар агуулсан байдаг. Тэгвэл 1 сав жимсний шүүсэнд 32-36 гр сахар харин 1 сав хийжүүлсэн ундаанд 4-18 ширхэг ёотон агуулагддаг байна.
  • Нэг гр сахар 4 ккал илч ялгаруулна. 10 гр сахар идэхэд 40 ккал илчлэг болно гэсэн үг
  • Сургуулийн өмнөх насны хүүхэд хоногт 1600 ккал илчлэг авах шаардлагатай байдаг. Тэгвэл 5 ш чихэр хоногийн хоолны илчлэгийн 4-ний 1-ийг хангадаг байна.
  • Хүүхдийн өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10%-аас хэтэрвэл шим тэжээлийн дутагдалд ордог гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Сахарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү

Чихрийг хэтрүүлэн хэрэглэх нь хүүхдийн шүд цоорох, буйлны үрэвслээс эхлээд оюун ухаан хомсдож, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси буюу уналт таталтын өвчтэй болох, кальц дутах, үүнээс болж д амин дэмийн дутагдалд орж, яс сийрэгжих, хоолонд дургүй болж тэжээлийн бодисын дутагдалд хүрэх, донтох, дархлаа муудах, хэт хөдөлгөөнтэй болж, анхаарал муудах, биеийн өсөлт муудах, хүнсний харшилд өртөх зэрэг эрсдэлүүд дагуулдаг. Тиймээс хүүхдийнхээ чихрийн хэрэглээнд алхам тутамд анхааралтай байж элдэв өвчин тусах эрсдэлээс сэргийлэхийг эмч зөвлөж байна.

Ялангуяа баярын өдрүүдэд эцэг эхчүүдэд хүүхдийнхээ чихрийн хэрэглээнд тавих анхаарал сулардаг. Хүүхдүүд баярын ширээн дээрх тавагтай чихэр, гарын бэлгэнд авсан чихэр, жимс, чихэрлэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх үзэгдэл баяраар их гардаг. Тиймээс хүүхдүүдийнхээ чихрийн хэрэглээнд хяналттай байхыг мэргэжлийн хоол судлаач хэлж байна.

-Амьдралын буруу хэвшлээс болж халдварт бус өвчин удамшдаг-

Бага насны хүүхэд хоногт 5 грамм, сургуулийн насны хүүхэд 6-8 грамм сахар хэрэглэх нь зохистой байдаг. Тэгвэл нэг ширхэг чихэрт 25-100 гр сахар агуулагддаг гэж тооцоход хүүхэд өдөр 5 ширхэг чихэр идэхэд л өдөр авах ёстой илчлэгийнхээ илчлэгийн 4-ний 1-ийг авч байгаа юм. Чихэр хэтрүүлэн хэрэглэснээс, мөн амьдралын буруу хэвшлээс халдварт бус өвчин удамшдаг тул чихрийн шижинтэй, зүрх судасны өвчтэй, даралт ихэсдэг, хорт хавдраар өвдсөн хүмүүс хүүхдүүдээ эдгээр өвчнөөс сэргийлэхэд онцгой анхаарах ялангуяа чихрийн хэрэглээн дээр анхаарах шаардлагатайг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөжээ.

Б.Хулан