Сайн дурын, авлагагүй цусны донорын сурталчилгаа явагдаж байна

-Нийт хүн амын 1,5 хувь нь цусны донор болж хэрэгцээгээ бүрэн хангана-

Уншигч та ямар ч бүлгийн цустай хүн цусны донор болох боломжтой гэдгийг мэдэх үү? Тэгвэл 18-аас дээш настай 45 кг-аас дээш жинтэй, эрүүл эмэгтэй хүн 3 сар тутамд, эрэгтэй хүн 2 сар тутамд цусаа бэлэглэх боломжтой юм.

Тэгвэл энэ сард “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн сурталчилгааны ажил”-ыг үндэсний хэмжээнд эхлүүллээ.

Дэлхийн 196 улс орноос 62 улс нь 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донороос цус, цусан бүтээгдэхүүний хангамжаа бүрдүүлдэг байна. Тэгвэл ДЭМБ-аас 2020 он гэхэд бүх улс орныг 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донороос цус, цусан бүтээгдэхүүний хангамжаа бүрдүүлдэг болох зорилт тавьжээ. Манай улсын хувьд 2000 онд сайн дурын, авлагагүй донорын тогтолцоог хуульчлан баталгаажуулсан байдаг.

-Иргэд сайн дурын, авлагагүй цусны донорын талаар хангалттай мэдлэггүй байна-

Манай улсын хувьд сайн дурын авлагагүй цусны донорын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байгааг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал судалгаанд хамрагдсан иргэдийн 58 хувь нь цусаа бэлэглэдэг донорын талаар огт мэддэггүй гэж дурдсан байна. Мөн судалгаанд хамрагдсан гурван хүн тутмын нэг нь сайн дурын авлагагүй цусны донорын талаар буруу мэдлэгтэй байдаг байна.

-Нийт хүн амын 1,2 хувийг цусны донор болгох зорилго тавьжээ-

Манай улсын эрүүл мэндийн салбарт шинэ техник технологи, эмчилгээний арга тухайлбал бөөр, элэг, ясны чөмөг, бусад эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын аргууд нэвтэрч, төрөл, тоо хэмжээ нь нэмэгдсээр байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа юм.

Б.Хулан