1072 хувьцааг арилжаанд оруулах бэлтгэл ажил хангагджээ

“Эрдэнэс таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажил хангагдаад байна. Ирэх хаврын чуулганаар хувьцааг арилжаалах тухай УИХ-ын тогтоолын шийдвэр батлагдсанаар эрх зүйн орчин бүрдэх юм байна.

Өнгөрсөн хугацаанд хувьцааны тодорхой хэсгүүдийг оюутны сургалтын төлбөр, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгө, сайн хувьцаа нэрээр 300 мянган төгрөгөөр сольсон. Тэгвэл хэчнээн иргэн хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгааг бүртгэлжүүлэх ажил дуусч хувьцааг хоёр дахь зах зээлд гаргах ажил хангагдаад байна. Гэхдээ иргэдэд байгаа хувьцааг бүгдгийг нь арилжаалах эрх олгогдохгүй бөгөөд эхний ээлжид 108 ширхэг хувьцааг худалдаалах эрх нээгдэх юм байна.

“ЭТТ” компани сүүлийн 3 жилд ашигтай ажиллаж БНХАУ-ын Чалко, Хөгжлийн банк, ААН-үүдэд тавьсан өрөө бүрэн барагдуулж дууссан. 2017 онд тус компани 300 тэрбум төгрөгийн ашигтй ажилласан гэх мэдээллийг УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга өгч байна. Энэ оны төгөсгөлд компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх боломж бүрдсэн гэдгийг ч онцолсон.

“ЭТТ” компанийн хувьцааг хөрөнгийн биржид арилжаалж эхэлснээр Эрдэнэт үйлдвэрийн 10% ийг иргэдэд хувьчлахаас эхлээд төрийн өмчит компаниудын хувьцааг арилжаалах эхлэл тавигдана гэж байгаа юм.

Ч.Дэлгэрцэцэг