Шүлхий өвчний улмаас 2400 орчим толгой малыг зориудаар устгажээ

Он дамжсан шүлхий өвчний улмаас нийт 2400 орчим толгой малыг зориудаар устгаад байна. Одоогоор шүлхий өвчнөөр өвчилсөн малын бүс тэлж, 9 аймгийн 13 сумын нутагт, 15 голомтыг хамарчээ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч сар шинийн өдрүүдэд Орхон аймгийн Жаргалант сумын нутагт гурван өрхийн 25 үхэр шүлхийгээр өвчилсөн учраас зориудаар устгаж, 1348 мал амьтныг вакцинд хамруулж, хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Анх хоёрдугаар сарын 15-ны өглөө 8 цагийн орчимд Орхон аймгийн Жаргалант сум Улаантолгой баг иргэн А “Манай үхрийн амнаас шүлс гоожоод байна” гэсэн мэдээллийг сумын мал эмнэлэг үржлийн тасагт өгсөн байдаг. Улмаар малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг байж болохыг тогтоожээ. Голомтын цэг нь жаргалант сумын төвөөс 1,27 км зайд улаанбаатар эрдэнэтийн чиглэлийн 1001 дугаарын төв замаас 122м орчим зайд байрладаг юм байна. Улмаар Жаргалант сумын нутаг Улаантолгой багт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийг хяналтын 6 цэгээр дамжуулан шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тогтоосон. Тухайн үед иргэд Улаантолгой баг орчимд шинэлж явсан бөгөөд хорио цээрийн дэглэм тогтоосон учраас өнөөдрийг хүртэл Жаргалант сумаас гарч чадаагүй гэдгийг сумын Засаг даргын тамгын газраас мэдээлсэн. Одоогоор шүлхий хэрхэн халдварласныг нарийн тогтоогоогүй ч өвсөөр дамжсан байж болзошгүй гэж орон нутгийн иргэд үзэж байгаа юм.

Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багаас гадна Дундговь, Төв аймаг, Говьсүмбэр, Булган, Өвөрхангай, Сүхбаатар гэсэн 9 аймгийн, 13 сумын нутгаар 15 голомтод шүлхий өвчин дэгдсэн. Улмаар улсын хэмжээнд 130000 орчим толгой мал вакцинд хамруулж, 785 малыг тусгаарлаад байна. Шүлхий өвчин дэгдсэн бүс нутгаар зорчсон иргэн, тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулаагүйгээс, мөн хорио цээрийн дэглэмтэй үед хяналтын цэгээр бус нууц замаар нэвтэрснээс болж шүлхий өвчин дамжих эрсдэл нэмэгдээд байгаа гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хяналтын 6 постоор дамжуулж, ариутгал хийж байна

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn