К. Еркежан охины нутгаа санах сэтгэл бүгдийг гайхшрууллаа

Эх орны алс баруун хязгаараас хүсэл мөрөөдөл тээн ирсэн К.Еркежан охин шоуны энэ дугаарын хамгийн сэтгэл хөдөлгөм оролцогч байлаа. Цаст Алтайн уулсын дунд өссөн хүнээс л гармаар түүний цээл, тунгалаг хоолой туйлын нандин байж, шоуны шүүгчдийг дэнслүүлсэн юм. Нутаг усныхаа нэрийг цуурайтуулсан авьяаслаг охин өмнө нь нутагтаа олон тэмцээн уралдаанд оролцож байсан ч томоохон тэмцээнд өөрийгөө сорьж байгаа анхны тохиолдол нь The Voice шоу юм. Том дуучны дуу хоолойгоор олонд нэгэнт хүрсэн дууг сонгож авсан нь эрсдэлтэй сонголт байсан боловч тэрээр дууг торохгүй дуулж чадсан. Хамгийн гол нь тайзан дээр дуулах үед түүний дуу хоолой өөрийн гэсэн онцлогтой, бусдаас ялгагдаж өвөрмөц хэв маягаа хадгалж чадаж байсан юм. Шүүгчдийн хувьд К.Еркежан бол жинхэнэ эрдэнэ байлаа. Түүнийг багтаа авахын тулд шүүгчид ухаанаа уралдуулж байсан ч оролцогч маань Д.Уламбаяр шүүгчийг сонгосон билээ.
Даруухан, чадварлаг охин К.Еркежан энэ жил ЕБС-иа төгсөөд эмч болохыг зорьж байгаа. Харин түүний туйлын мөрөөдөл нь алдартай дуучин болох явдал юм. Тэр хэтэрхий энгийн, даруухан ч гэлээ түүний бие авч яваа байдал, үг яриа, дуу хоолой тэр чигтээ ямар нэгэн тансаг цэцгийн анхил шиг гүн мэдрэмж төрүүлсэн юм.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.