Хөдөлмөр эрхлэлтийг амьжиргаа талаас нь харж бодлогоо тодорхойлох хэрэгтэй

Энэ сарын 14 ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Орон тооны бус зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Монголын төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хангах чиглэлд хангалттай хууль тогтоол баталж чадсан. Гэвч тэдгээр нь бодит амьдрал дээр хэрэгжиж чадахгүй байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөл онцолж байна.

Монгол улсын үндсэн хуулинд хүн бүр ижил тэгш эрхтэй гэж тунхагласан. Өнгөрсөн 10 гаруй жилд хууль тогтоох дээд байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд эрх тэгш оролцоотой байлгах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож ирсэн. Гэвч зарим талаар хангалттай төвшинд хүрч чадаагүй гэгддэг. Тиймээс хуралдаанд оролцсон ерөнхий сайд 100 гаруй мянган хүнээ Монголын төр, засаг, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд бүх талаар дэмжиж, тусалж байхыг уриаллаа. Мөн цаашид хэрэгжүүлэх ажилтай холбоотойгоор хэд хэдэн үүрэг чиглэлийг салбар бүрийн төлөөлөлд өглөө. Тухайлбал Салбар бүр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлаараа тулгамдсан тодорхой асуудлыг хэлэлцэж Засгийн газраар шийдвэрлүүлэх, Зөвлөлийн гишүүд яамдын дэд зөвлөлүүдийг хариуцан, ажилд нь дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, шинээр боловсруулж буй хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг тусгахад дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Харин Ерөнхий сайдын дэргэд бие даасан агентлаг байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив гэхээсээ илүүтэй тэднийг хөгжүүлэх, ажлын байраар хангах, орон сууцны сан байгуулах, 0-2 насны хүүхдийг эрт оношилгоонд хамруулдаг байх зэрэг саналыг төрийн бус байгууллагын төлөөлөл гаргаж байлаа.

Мөн нийгмийн зарим төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан бие даасан агентлаг байгуулахыг буруу гэж үзэж байна. Учир нь салбар бүрт шингээж авч үзэх ёстой энэ асуудлыг бие даан салгах нь харин ч төр эдгээр иргэдээ тусгаарлаж үзсэн хэрэг болно гэж үзэж байгаа юм.

Ч.Дэлгэрцэцэг