Чуулганд оролцсон гишүүдийн 84,8 хувь нь ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ

УИХ-ын чуулганы эхэнд Монгол улсын ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцлээ. Сангийн сайдыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн түүний хориг эрх баригч намыг өнгөрсөн хэд хоногт дахин талцуулж, чуулганы хуралд бие биесрүүгээ хатуу үг шидэх хүртэл хэмжээнд хүргэсэн юм. Гэсэн хэдий ч эрх баригч намын олонх ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Монголын төр сүүлийн 2 сар гаруйн хугацаанд сандал суудлын төлөөх хэрүүлд дарагдсаар үндсэн ажлаа хийж чадалгүй өнөөдрийг хүргэв. 10 хүрэхгүй хоногийн өмнө УИХ Засгийн газраа арай хийн бүрдүүлж чадсан ч ерөнхийлөгчийн хориг төрийн ажлыг дахин гацаахад хүргэсэн юм. Монгол улсын ерөнхийлөгч засгийн газрын гишүүнийг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан нь 27 жилийн түүхэнд анх удаа болж байгаа үйл явдал юм. Энэ нь үндсэн хуультай зөрчилдөж засаглалын тогтолцоог алдагдуусан үйл явдал болж байгааг зарим гишүүд онцолж байна.

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд засгийн газрын асуудлаас болж хоёр хуваагдсан МАН-ын бүлэг эвлэрч амжаагүй байхад монгол улсын ерөнхийлөгч хориг нэрээр тэдний дунд хэрүүлийн алим шидлээ гэж зарим гишүүд ч тодорхойлж байна. Мөн ерөнхийлөгчийн хоригт нотлогдсон ганц ч баримт байхгүй харин таамгаар байр сууриа илэрхийлсэн гэж үзсэн. Харин олонхийн бүлгийн зарим гишүүдийг сангийн сайдыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ түүний өмнөх үйлдлүүдтэй нь холбон тайлбарлалаа

Монгол улсын ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84,8% хүлээж авах боломжгүй гэж үзсэнээр сангийн сайд суудалтайгаа үлдлээ.