НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар:Бид хөдөө аж ахуйн оронд амьдарч байгаа ч сүү цагаан идээгээ хангалттай хэрэглэж чадахгүй байна

ОРОЛЦОГЧДЫН ОНЦЛОХ ЭШЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ

1.АПУ дэйри ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг

  • Манай улс зах зээлийн шилжилтэнд орсноор сүү, сүүн бүтээгдэхүүний салбар уналтанд орсон
  • Социализмын үед сүү бэлтгэлийн тогтолцоотой байсан. Фермерүүд нь нийлүүлж үйлдвэрүүд нь цуглуулж төв суурин газрыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж ажиллаж байсан
  • 2002 оноос салбарын боловсруулах үйлдвэрүүд хөгжсөнөөр сүү, сүүн бүтээгдэхүүний импорт буурсан
  • Иргэдийн хувьд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага байгаа нь үйлдэрүүдийн бүтээгдэхүүнд нөлөөлж байна. Эрэлт их байвал нийлүүлэлт дагаад өсөх боломжтой.
  • Бид Үйлдвэрүүдийг сүүгээр хангах тогтолцоог бий болгох талаар төрд хандаж байгаа. Гэтэл төр энэ салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонсохгүй аян зарлаад байгаа нь шийдэл олохгүй байна.
  • Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн, сүүн бүтээгдэхүүний чанар муу, хуурай сүүгээр хийсэн гэсэн буруу ойлголт байгаад байна.
  • Сүүтэй цай ууж байгаагаа сүү хэрэглэж байна гэж бодож болохгүй. Сүүг дангаар нь хэрэглэж байж л өөрт хэрэгцээтэй байгаа сүүний хэрэглээгээ бүрэн хангана

2.НМХГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Баярсанаа

  • Нийслэлийн хэмжээнд гарч байгаа зөрчлүүдийн ихэнх нь гарал үүслийн гэрчилгээгүй, ил задгай худалдаа эрхэлж байгаа зөрчил илэрч байна
  • Мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаалахыг хориглосон боловч хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс болон зарим аж ахуй нэгжүүд хаа дуртай газраа худалдаа хийж байна.
  • Гарал үүслийн бичиггүй ил задгай худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнийг иргэд худалдан авсаар байгаа учир энэ төрлийн зөрчил тасрахгүй байна.
  • Өнгөрсөн долоо хоногт зөвхөн шингэн сүүн дээр шалгалт явуулж шинжилгээ хийхэд Бруцеллёз үүсгэгч хлорамфеникол антибиотикийн үлддэгдэл, усны хольц илэрсэн.

3.Сүү хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга

  • УБ хотод ойр сүү нийлүүлж байгаа аж ахуй, фермүүдэд 45 мянган үнээ байгаа. Энэ тоог нэмэх хэрэгтэй байна.
  • Манай компани хамгийн холдоо 220 км-ийн цаанаас сүүгээ авч байгаа учир тээврийн зардал нэмэгдэж байгаа нь сүүний үнэд нөлөөлж байгаа гэсэн үг
  • Сүүгээ цуглуулдаг хоёр хэсэгт хяналтын тооллого хийхэд 20-30 хувиар малынхаа тоог нэмэгдүүлж хэлж байсан нь илэрсэн.
  • Анх 200 литр сүү цуглуулдаг байсан бол одоо өвлийн улиралд 40 тн, зуны улиралд 120 тн-ыг өдөрт сүү нийлүүлэгчдээс цуглуулж байна.
  • Фермер нь фермерийнхээ ажлыг, үйлдвэрлэгч нь үйлдвэрийнхээ ажлыг, борлуулагч нь борлуулатынхаа ажлыг хийх хэрэгтэй.
  • Миний хувьд үйлдвэрээр дамжсан шингэн сүү нэгдүгээр сонголт, хоёрдугаарт хуурай сүү, сүүлийн сонголт задгай сүү байх болно.
  • Хуурай сүү ямар ч эрсдэлгүй гэхдээ амин дэм, сүүнд агуулагдаж байгаа эрдэс бодисын хувьд шинэ сүүг бодвол арай бага гэхдээ ямар нэгэн муу зүйл байхгүй.

4.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар

  • Манай улс хөдөө аж ахуйн орон гэтэл бид сүү цагаан идээгээ хангалттай хэрэглэж чадахгүй байна
  • Иргэд сүү, сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэж байгаа нь хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээр харагдаж байна
  • 2012 оны эрүүл мэндийн судалгаагаар нийт сурагчдын 31 хувь нь л сүү, сүүн бүтээгдэхүүнийг хангалттай түвшинд хэрэглэж байгаа гэсэн тоон дүн гарсан
  • Нийт хүн амын 68 хувь нь сүү цагаан идээг хангалттай хэрэглэж чадахгүй байна
  • Насанд хүрсэн хүний биеийн жингийн илүүдэл найман жилийн хугацаанд хоёр дахин ихэссэн
  • Долоон жилийн хугацаанд 6-11 насны хүүхдүүдийн биеийн жин 5-6 дахин нэмэгдсэн. Энэ нь бид хүнсийг буруу хэрэглэж байгаа гэдгийн тод жишээ.
  • Сүүн сүүн бүтээгдэхүүн илчлэг багатай ч түүнд агуулагдаж байгаа бичил элемент,амин дэм өндөртэй байдаг.
  • Манай улсын томоохон үйлвэр дээр хийсэн судалгаагаар ажилчдынх нь 47 хувь нь кальцийн дутагдалтай ясны сийрэгжилттэй. Хүүхдүүдийн хувьд ялангуяа 10-19 настай ид өсөлт хөгжил нь явагдаж байгаа насан дээрээ кальцийн дутагдалд орж байна.

5.Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ж.Баттөгс

  • Статистик судалгаагаар манай улс дөрвөн сая үхэр сүрэгтэй гэж тоологдсон. Гэхдээ энэ нь бодит тоо биш
  • Сүүний чиглэлийн үхрүүдийг генетикийн түвшинд удам угсааг нь сайжруулахгүй бол уруудах тал руугаа явж байна.
  • Сүүний чиглэлийн үхэр үржүүлэхийн тулд арчилгаа маллагаа сайн байх хэрэгтэй. Бид фермийн арга барилд суралцаж сайн Зоо инженерүүдийг бэлтгэх хэрэгтэй.
  • Өрхийн түвшний үйлдвэрлэлүүд үеийн үед байна. Цаашид манай малчид үүнийгээ улам боловсронгүй болгох нь зүйн хэрэг.
  • Массыг хамарсан УБ-ын хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр малчид хангах гэхээр дундуур нь орж будлиан хийгээд байгаа хүмүүсээс л хэрэглэгчдийг хамгаалахын тулд л мэрэгжлийн хяналтын албаныхан ажиллаж байгаа гэж итгэж байгаа.