“ЭРЧИМ” КЛУБ ХОЖИГДОЛ ХҮЛЭЭВ

АХБХ-НЫ ЦОМ: ЭРЧИМ ТАЛБАЙДАА ДӨРВӨН БӨМБӨГНИЙ ЗӨРҮҮТЭЙ ХОЖИГДЛОО

АХБХ-ны цомын тэмцээний урьдчилсан плэй офф шатанд Монголын лигт сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн Эрчим клуб МХБХ-ны талбайд БНАСАУ-ын лигийн дэд байр Хваепул багийг хүлээн авч эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын үеэр Улаанбаатарт 15 хэмийн хүйтэн байсан юм. Эхнээсээ ширүүн уур амьсгалд өрнөсөн тоглолтын эхний гоолыг Эрчим клубын тоглогчдын дутуу дамжуулсан алдааг ашиглаж Умард Солонгосын багийн хамгаалагч Ри Чан Хо торгуулийн талбайн гаднаас цохин оруулсан юм. Тэгвэл тоглолтын удаах гоол эхний хагасын сүүлээр орсон юм. Тавын шугам дотор Эрчим багийн хамгаалагчийн бүрэн зайлуулж чадаагүй бөмбөг, хагас хамгаалагч Ри Сонд ирж тэрээр хаалганы зүүн дээд булан руу цохин оруулсан. Эрчим клубынхэн тоглолтын турш гоолын боломжуудыг хайсаар байсан ч төдий л аюултай довтолгоо хийж чадаагүй. Эсрэг багийн нягт хамгаалалт Эрчимийнхэнд боломж олгохгүй байсан юм. Улмаар тоглолтын төгсгөлд зочид хоёр гоол оруулж амжлаа. 85 дахь минутанд Хваепул клубээс Ри Ил Сан онооны харьцааг 3:0 болгосон. Энэ тоглолтонд Эрчимийн бүрэлдэхүүнээс хамгаалан тоглогч Галтын Төгөлдөр бэртлийн улмаас оролцоогүй. Хэдийгээр тоглолтын үндсэн цагт ахиж гоол ороогүй ч шүүгчийн сунгасан эхний минутанд чөлөөт цохилтоос дөрөв дэх гоол орж 4:0-ийн харьцаатай Эрчим клуб хожигдол хүлээлээ. Ингэснээр Эрчим долоо хоногийн дараа БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо болох хариу тоглолтонд дор хаяж таван бөмбөгний зөрүүтэй хожих даалгавартай үлдэж байна. МХБХ-ны талбайд БНАСАУ-ын багийн дэмжигчид багаа дэмжихээр ирсэн байлаа. Эрчим клуб өнгөрсөн жил АХБХ-ны цомын тэмцээний хэсгийн шатанд БНАСАУ-ын хоёр багтай таарч Улаанбаатарт хоёр тоглолт хийж байсан ч тус тоглолтууд энэ удаагийнх шиг хүйтэн нөхцөлд бус дөрөв, тавдугаар сард болж байлаа. Хэдийгээр Улаанбаатарын хүйтэн цаг уур Хваепул багийнханд нөлөөлсөн ч тэднийг зогсоож дөнгөсөнгүй. Хариу тоглолт ирэх 20-ны мягмар гарагт Улаанбаатарын цагаар 15 минутаас эхэлнэ.

 

Фото зургийн эх сурвалж: МХБХ