МУСГЗ сэтгүүлч Ш.Ёолк гуайн хүү рок дууг чадварлаг дууллаа

Монголын рок хөгжмийн салбарт шинэ үеийнхэн хүч түрж байгаа бололтой. The Voice of Mongolia шоунд рок сонирхогч залуус өөрсдийгөө сорьсоор байна. Түүнээс гадна оролцогч бүрт өөрийн гэсэн хэв маяг, өвөрмөц донж төрх, хамгийн гол нь хоолойн давтагдашгүй тембр байгаа нь үнэхээр олзуурхууштай. Энэ удаагийн дугаарт онцлохгүй өнгөрч болохгүй нэгэн хүн бол Ё.Билэгт байлаа. Хэдий бусад шүүгчид түүнээс илүү их зүйлийг хүлээж, баззераа дарахыг азнасаар байсан ч түүний дуулж буй байдал, дууны сонголт нь Д.Уламбаяр шүүгчийг суудлаа эргүүлэхэд хүргэсэн юм. Дуу эхэлмэгц л шүүгч түүний хоолойн нандин чанарыг олж сонссон бололтой.

Түүний тухай товчхон өгүүлэхэд тэр “Хас банк”-ны дизайнераар 6 жил ажиллаж байгаа айл гэрийн ноён руу, аав хүн юм. Хэдий дизайнер мэргэжил эзэмшсэн ч дуулах хүслээ орхиогүй хадгалсаар ирсэн нь шоуны тайзнаа гарах шалтгаан болжээ. Тэр багын л дуулах дуртай хүүхэд байж, урлагт ойр өссөн нь түүний аавтай холбоотой байж болох юм. Учир нь түүний аав бидний дурсамж дурдатгалд хоногшсон телевизийн олон нэвтрүүлгүүдийн эзэн МҮОНТ-ийн сэтгүүлч редактор, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк юм. Шоуны үеэр аав нь хүүгээ дэмжихээр ирсэн нь үзэгчдийг багагүй гайхшруулж, Ё.Билэгтийн дуулалтад улам их хүлээлт үүсгэсэн байж болох юм. Үзэн суусан бид ч гэсэн Ш.Ёолк ахыг аав хүн гэдгээр нь харахад улам сонихон, бас хайр татам байлаа. Тэр хүүгээ чин сэтгэлээсээ дэмжиж, түгшин хүлээж байсан нь шоуны уур амьсгалыг улам бүр сайхан болгосон юм. Ямартай ч монголын урлагт сор болсон уран бүтээлчдийн удам тасрахгүй үргэлжилсээр үр хүүхдүүд нь тэдний үйл хэргийг үргэлжлүүлэхээр одоо ч бидний дунд өсөн төлжсөөр байгаа нь бахдалтай. Энэ ч утгаараа урлаг гэдэг хэзээ ч тасрахгүй хамгийн нандин холбоо байж, хэн бүхнийг өөртөө татдаг аварга том соронзон бололтой.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.