Д.Хаянхярваа: Чуулганы хуралдааны 1/3-ыг тасалсан бол эгүүлэн татах тухай тусгалаа

Улсын Их Хурлын чуулганы хуралдаан цагтаа эхэлдэггүй, ирц хангалтгүй, чуулганы танхимд 20 хүрэхгүй гишүүн байж бусдын өмнөөс кноп дарж хууль баталдаг байдал хавтгайраад удаж байгаа. Энэ мэтээр ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага ногдуулах заалтыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд орхигдуулсантай холбоотой гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Тиймээс хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгохоор хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ-д өргөн бариад байна.

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар нам эвслийн бүлгүүд чуулган байнгын хорооны хуралдаанд гишүүдийнхээ ирцийг хангах үүрэг хүлээсэн байдаг. Гэхдээ ингээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг орхигдуулснаас Б.Наранхүү гишүүнээс авахуулаад чуулганд өөрийн тааллаар суудаг байдал бий болсон гэж дүгнэгдэж байна. Тиймээс Хууль тогтоох дээд байгууллагын хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх, Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд хариуцлага хүлээлгэх зохицуулалт ороод байна.

УИХ бол хууль тогтоох үндсэн үүрэгтэй. Тиймээс чуулганы хугацаанд гишүүд орон нутагт ажиллах, гадаадад томилолтоор явах нь зохимжгүй гэдийг УИХ-д цөөнгүй сонгогдсон гишүүд онцолдог. Тиймээс хуулинд энэ төрлийн зохицуулалтыг ч оруулах шаардлагатай гэх агуулгыг хөндөж байгаа юм.

Ч.Дэлгэрцэцэг