20 жилийн дараа тайзнаа эргэн ирсэн бахархал төрүүлэм дуучин Б.Цогтдэлгэр

The Voice бол дэлхийн 60 гаруй оронд зохиогдсон босго өндөртэй уралдаант шоу нэвтрүүлэг юм. The Voice бол дуучдын олимп гэгдэх яриа ч бий. Ижил төрлийн бусад шоунаас ялгагдах онцлог нь эхний шатанд шүүгчид оролцогчийг зөвхөн чихээрээ сонсож өөрийн багт авах эсэхээ шийддэгт оршдог. Тэгвэл сонсож сонгох шатны хамгийн том эрсдлийг бид энэ удаагийн дугаарт үзлээ. 1990-ээд оны эхээр Монголын урлагт мандаж, цуут “Соёл Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин гэх алдарт хүрч явсан дуучин Б.Цогтдэлгэрийг шоуны шүүгчид таньсангүй. Тэд дуучны дууг яг түүн шиг дуурайн дуулж байгаа хэн нэгэн байна гэж бодон эргэлзсээр баззер товчлуураа дарсангүй. Тухайн цаг үедээ нэрд гарч явсан дуучин хүн 20 жилийн дараа өөрийнхөө хамгийн алдартай дууг өөрийн биеэр дуулаад гарч ирнэ гэдэг шүүгчдийн хувьд санаанд багтамгүй зүйл байсан бололтой. Мэдээж энэ мөчийг үзэн суугаа бидний хувьд үнэхээр эгзэгтэй, амьсгаа дарам үйл явдал болсон юм. The Voice шоунд олонд хэдийн танигдсан дуучид оролцож өөрсдийгөө сорих нь ердийн үзэгдэл мэт болсныг гадны улсуудад зохиогдсон шоунуудаас харж болно. “Голос” шоуны үеэр хүртэл ийм явдал олон тохиож байсныг жишээ татахад, Оросын алдарт дуучин, “Голос” шоуны шүүгчээр ажиллаж байсан Дима Билан өөрөө шоундаа оролцож шүүгчид нь түүнийг танилгүй өнгөрөөсөн нь тухайн үед дуулиан тарьж байсан билээ. Тэр үед ч бас дуучны дуулах хэв маягийг дуурайсан оролцогч байна гэж андуурсан учраас эргэж харалгүй өнгөрсөн байдаг.
Харамсал төрөм хэдий ч дуучин Б.Цогтдэлгэр энэ шоунд оролцож хуучны сайхан дуугаа сэргээн дуулсан нь олзуурхууштай зүйл болсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. 20 жилийн дараа ч тэр өөрийн дуу хоолой, чадвар чансааг хадгалсаар байгаа гэдгээ үзэгчдэд нотлон харууллаа.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.