ОХУ-д зорчигч тээврийн онгоц осолдсоны улмаас 71 хүн амь үрэгдлээ

Ням гарагт ОХУ-ын нийслэл Москва хотоос 80 кмийн зайд орших Аргуново тосгоны ойролцоо 71 хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн онгоц осолдсоны улмаас онгоцонд сууж явсан зорчигчид бүгд амь үрэгдсэн байна. “Домодедово” нисэх онгоцны буудлаас Уралын нурууны Орск хот руу явж байх замдаа осолдсон “Антонов-148” онгоцонд нисэх багийн зургаан гишүүн болон 65 зорчигч явсан тухай албаныхан мэдээлжээ. Онгоцноос үлдсэн сэг, үлдэгдлүүд Домодедово нисэх онгоцны буудлаас 40 кмийн зайд олдсон бөгөөд Мөрдөн шалгах хорооноос ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

“Саратовские авиалинии”-д хамаарах тус онгоц орон нутгийн цагаар 14:27 цагт хөөрснөөсөө хойш дөрвөн минутын дараа холбоо тасарчээ. Онгоц хөөрөх үедээ галд автаж, шатаж байсан гэж гэрчүүд мэдээлж байгаа юм. Онгоцыг 5000 цагийн нислэг үйлдэж байсан туршлагатай нисгэгч жолоодож байсан тухай РИА Новости агентлаг мэдээлсэн байна. Мөрдөн шалгах хорооны албаныхан онгоцны ослын шалтгааныг цаг агаарын таагүй байдал, хүний буруутай үйлдэл эсвэл техникийн эвдрэл гэмтэл гарсны улмаас осолдсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа бөгөөд ямар нэгэн террорист ажиллагаатай холбож мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд сэтгэл санааны тусламж үзүүлэхээр мэргэжлийн эмч сэтгэл зүйчид ажиллаж байгаа талаар эрүүл мэндийн сайдын орлогч Сергей Краевой мэдэгджээ. ОХУ-д хамгийн сүүлд 2016 оны 12-р сарын 25-нд Батлан хамгаалах яамны онгоц Сочи хотоос Сири улс руу хөөрснийхөө дараа Хар Тэнгист осолдож 92 хүний амь нас үрэгдэж байсан юм.

 

Б.Амарзаяа