Мальдивт гарсан улс төрийн тогтворгүй байдлыг намжтал тус улс руу аялахгүй байхыг анхааруулжээ

Мальдив улсад улс төрийн тогтворгүй байдал үүсээд байгаатай холбогдуулан пүрэв гарагийн орой нийслэл хот Малед байрлах “Мальдивийн ардчилсан нам”-ын төв байрны гадаа эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулагджээ. Жагсагчид ерөнхийлөгч Абдулла Ямен Абдул Гаюумын (Абдулла Ямен) шийдвэрүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагссан байна.

2013 онд Мальдив улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Абдулла Ямен нь засгийн эрхийг гартаа авснаас хойш өөрийнх нь эсрэг зогссон улс төрчдийг хорьж, хүний эрхийг удаа дараалан зөрчсөн хэргээр шүүмжлэлд өртөж байсан нэгэн. Өнгөрөгч долоо хоногт Мальдив улсын дээд шүүх сөрөг хүчний улс төрчдийг цагаатган, суллах шийдвэр гаргасны дараа ерөнхийлөгч Абулла Ямен даваа гарагаас эхлэн улс орон даяар 15 хоногийн хугацаатай онц байдал зарлаад байна. Ингэснээр Мальдивын засгийн газарт баривчилгаа хийх, хувийн өмч хөрөнгийг хураан авах, ард иргэдийнхээ эрх чөлөөг тодорхой хэмжээнд хязгаарлах зэрэг эрх мэдэл олгож байгаа юм.

Онц байдал зарласнаас хойш одоогийн байдлаар ерөнхийлөгч асан, сөрөг хүчний удирдагч Момун Абдул Гаюум болон дээд шүүхийн дөрвөн шүүгч баривчлагдсан байна. Авлига хээл хахуулийн хэргээр баривчлагдсан Маумүүн Абдул Гаюум нь Мальдив улсын төрийг 1978-2008 оны хооронд нийт 30 жилийн турш жолоодож байсан нэгэн бөгөөд одоогийн ерөнхийлөгч Абдулла Ямены төрсөн ах юм.

Мальдивт улс төрийн тогтворгүй байдал үүссэнтэй холбогдуулан бусад улс орнуудын засгийн газраас ард иргэддээ нөхцөл байдал намжтал Мальдив руу зорчихгүй байхыг сануулж байна. Хэрэв Мальдивын энэхүү улс төрийн үймээн самуунтай байдал удаан хугацаанд үргэлжилвэл тус улсын эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбарт хохирол учруулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Ердөө 400.000 хүн амтай тус улсад дэлхийн өнцөг булан бүрээс жилд 1.4 сая жуулчин зорин очдог.

 

Б.Амарзаяа