Жилд дунджаар 350 орчим тонн өргөст хэмх өвлийн хүлэмжинд тарьж байна

СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нарийн ногооны "Өвлийн хүлэмж"

Жилийн дөрвөн улиралд өдөр бүр шинэ ногоо хэрэглэх боломж хангагдаж, СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт дөрвөн улирлын турш ажиллах хүлэмж 2016 онд байгуулагдсан. Энэ хүлэмжинд 40 хэмийн хүйтэнд ч гэсэн өргөст хэмх, улаан лооль болон бусад нарийн ногоо тариалж импортыг орлох, эрүүл, шинэ хүнсээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадна гэдгээрээ онцлогтой.

Хүлэмжийг Голланд загвараар, сүүлийн үеийн дэвшилтэт байдлаар барьсан. Тухайлбал халаалт усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга нь бүрэн автомат ажиллагаатай. Мөн шилэн дээвэртэй барьсан учраас зуны улиралд нарны эрчим хүчээр, харин өвлийн улиралд нам даралтын зуухаар хүлэмжээ халаадаг аж. Ингэхдээ өргөст хэмхний үрийг хиймэл хөрсөн дээр суулгаж, 50 орчим хоног ургуулсны дараа хураан авдаг. Өвлийн хүлэмж нь 10080 метр квадрат талбайтай бөгөөд эндээс өвлийн улиралд өдөрт 300-500 кг, зундаа 1500 орчим кг өргөст хэмх хураадаг. Тэгвэл манай улсын иргэдийн өргөст хэмхний өдрийн хэрэглээ 5000 тонн гэж тооцоход өвлийн хүлэмжинд тарьж ургуулсан өргөст хэмх дотоодын хэрэглээний 350 орчим тонныг хангах боломжтой. Хамгийн гол нь дөрвөн улирлын турш ажиллах учраас зун, намар тариалаад өвөл хүртэл хадгалагдсан хуучин ногоо бус өдөр шинэ ногоог хүнсэндээ хэрэглэх боломж биеллээ олж байгаа юм. Цаашид зөвхөн өргөст хэмх гэлтгүй бусад төрлийн нарийн ногоог дөрвөн улирлын турш тарьж ургуулахаар “Төгс Ургац” ХХК-аас төлөвлөжээ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn