Ажилгүй төгсөгчдийн 54,1 хувь нь ажил хайгаад олдохгүй байна гэж хариулжээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны судалгааны институт их дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг танилцуулсан. Мэргэжлийн анхан шатны болон түүнээс дээш бакалаврын боловсрол эзэмшсэн нийт 44900 төгсөгчөөс түүвэрлэн 4909 төгсөгчийг уг хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд хамруулжээ. Эдгээр төгсөгчдийн 60,9 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бол, 16,3 хувь нь ажилгүй, 22,8 хувь нь эдийн засгийн идэвхгүй хэлбэрт байгаа гэсэн байна.

Тэгвэл улсын хэмжээнд 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагад ажил хайж хандсан 37.100 гаруй иргэн бүртгүүлсэн байна. Эдгээр иргэдийн 68,6 хувь буюу 25.500 иргэн бүртгэлтэй ажилгүй байгаа юм. Харин 11 мянга гаруй нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Хөдөлмөр эрхэлж байгаа их дээд сургуулийн төгсөгчдийн 69,6 хувь нь, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн 48,9 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа юм байна. Харин ажилгүй байгаа төгсөгчдийн 54,1 хувь нь ажил хайгаад олдохгүй, 25,6 хувь нь мэргэжилд тохирох ажил олдохгүй, 5,3 хувь нь цалин бага, 4,9 хувь нь ажил олгогчийн тавьсан шаардлагад нийцэхгүй байгаа учраас хөдөлмөр эрхлээгүй гэсэн хариултыг өгсөн байна.

Эдгээр ажил хайгаад олдохгүй байгаа төгсөгчдийн 32 хувь нь Улаанбаатарт байгаа бол, үлдсэн 68 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа гэжээ.

Мөн багаар ажиллах, харилцааны ур чадвар, гадаад хэлний мэдлэг, математик сэтгэлгээ тооцоолон бодох чадвар төгсөгчдийн ур чадварын түгээмэл дутагдал болохыг судалгаагаар тогтоосон байна.

Б.Хулан