Жилд 300 орчим тонн гялгар уут хэрэглэж, хог болгон хаяж байна

Гялгар уут нь 500 орчим жилийн хугацаанд хөрсөнд шингэдэг

Дэлхий нийтээр гялгар уутнаас татгалзаж байгаа энэ үед манай улсад нийлэг материалтай, гялгар уутны хэрэглээ буурахгүй байна. Тодруулбал манай улсын гялгар уутны жилийн дундаж хэрэглээ 300 орчим тонн байдаг. Харамсалтай нь үүний ердөө 40-50 хувийг нь л ангилж ялган, дахин боловсруулж хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглаж байна. Харин үлдсэн хувь нь хур хог болж, эцэст нь 1000 орчим тонн гялгар уутны хаягдал хөрсөнд үлдэж байна.

Гэтэл гялгар уутны хөрсөнд шингэх үйл явц 500 орчим жилийн хугацаанд үргэлжилдэг гэдгийг эрдэмтэд хэдий нь тогтоосон байдаг. Улмаар газрын хөрс хар тугалга, хүнцэл гэх мэт хүнд металийн нөлөөгөөр үржил шимгүй болох, бэлчээрийн мал амьтан гялгар уутны хог идэх гэх мэт сөрөг нөлөөллүүд эхнээсээ илэрч байна. Үүнээс гадна гялгар уутыг зориулалтын бус байдлаар, хэт богино долгионы зууханд хоол халаах болон бусад зориулалтын бус байдлаар ашиглах нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг судлаачид онцолж байгаа юм. Тиймээс гялгар уутны зохистой хэрэглээг нэвтрүүлж, байгальд хог хаягдал болголгүйгээр дахин боловсруулах ухаалаг шийдлүүдийг амьдралд хэрэгжүүлэх туйлын шаардлага тулгараад байна.

Нийслэлийн хоёр дүүрэгт хог дахин боловсруулах “Эко парк” байгуулна

Гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулахаар СХД-ийн Улаанчулуутын хогийн цэг болон БЗД-ийн Цагаан давааны хогийн цэг орчимд “Эко парк” байгуулахаар болсон. Эхний ээлжийн үйлдвэрийг долоодугаар сард ашиглалтад оруулна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хог дахин боловсруулах хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бол цаашид энэ тоо дөрөв болж нэмэгдэнэ. Ингэснээр гялгар уутны хог хаягдлын 80 орчим хувийг дахин боловсруулж, хоёрдогч бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх аж.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn