Хүүхэд, өндөр настанг үнсэхгүй аль болох гар зөрүүлэн золгох хэрэгтэй

Цагаан сарын баяраар бага насны хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эмч эмнэлгийн байгууллагаас анхааруулж байна. Хүүхэд хоёроос дээш сартайгаас эхлэн эхээс авсан дархлаагаа алдаж, физиологийн дархлааны дутмагшилд орж эхэлдэг байна. Тиймээс сар шинийн баяраар бага насны хүүхдийг үнсэх нь өвчин халдаах эрсдэлтэй гэлээ.

Нэг талд ёс уламжлалаа дагаж сар шинийн баяраар ахмад настан, ах дүүстэйгээ бага насны хүүхдээ золгуулж хүндэтгэх нь зөв боловч нөгөө талд дархлаа бүрэн тогтоогүй хүүхдийг хөл хүнтэй газраар дагуулж явах, олон хүний ам хамарт ойртуулан үнсүүлж золголт хийх нь элдэв халдварт өвчинд өртөх эрсдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

-С.Дулам: Хүүхдийн хацар нүүрний хаана ч хамаагүй шүлсдэн үнсдэг ёс байхгүй-

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, ардын багш Сэндэнжавын Дулам “Цагаан сарын баярын золгох ёс уламжлалд хүүхдийн хацар нүүрийнх нь хаана ч хамаагүй шүлсдэн үнгэлдэг ёс байхгүй. Цагаан сарын золгох ёсонд ахмад хүний амрыг асууж буй хэвлүүхэн хүүхдийг хариу өхөөрдөн “Мэндээ амар сайхан шинэлэв үү”, “Эрдэмтэй хүн болоорой”, гэхчлэн мэндчилэн ерөөгөөд хоёр хацрыг нь илбэн үнсэх юмуу духан дээр нь зөөлөн үнэрлэн үнсдэг байна.” гэжээ. бичвэрийг эндээс уншина уу

Мөн манай улсын эрүүл мэндийн яамнаас тархалт өвчлөл нь зогсоогүй улирлын чанартай улаанбурхан, салхинцэцэг, томуугийн өвчлөлөөс сэргийлэх талаарх зөвлөмжид хүүхэд өндөр настанг аль болох тэвэрч үнсэхгүй гар зөрүүлэн золгох хэрэгтэй хэмээн дурдсан байна.

Тиймээс өвчнийг эсэргүүцэх дархлаа суугаагүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд баярын өдрүүдэд золгож шинэлэх тал дээр сайтар төлөвлөж халдварт өвчинд өртөхөөс сэргийлэхийг ХӨСҮТ-ийн эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Б.Хулан