Мөрөөдөлдөө үнэнч роккер

Шоуны шинэ дугаарын шилдэг оролцогчдын нэг нь Э.Энхсүх байлаа. Жинхэнэ рок хоолойгоор шүүгчдийн сонирхлыг татаж чадсан тэрээр эелдэг, наргианч зантай, даруухан рок дуучин юм. Амьд хөгжмийн фестивальд оролцохын тулд найзуудтайгаа хамтлаг байгуулсан, эхнэр нь нөхрийнхөө туйлын мөрөөдлийг ойлгож түүнээ биелүүлэхийг нь чин сэтгэлээсээ дэмжиж хамт цуглуулсан мөнгөөрөө студи байгуулсан гээд түүний амьдрал тэр чигтээ хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд л зориулагдсан гэлтэй.

Багадаа анх Micheal Jackson –ыг үзээд маш их биширсэн, тайзан дээр байх урлаг, чадвар, мэдрэмж гайхамшигтай санагдсан учраас тэр одоо ч түүнийг суут хүн байсан гэж боддог гэнэ. Яг тэр үеэс хойш л тэр дуу хөгжимд эргэлт буцалтгүйгээр дурлаж 14 настайдаа Play time наадамд анх дуулж эхэлсэн байна. Анх Playtime наадамд оролцох гээд ангийнхаа найзуудтай “Цахилгаан хөрөө” хамтлаг байгуулсан ч хамтлаг удалгүй тарсан. 2006 онд дахин “Honor the sacrifice” нэртэй хамтлаг байгуулан жил алгасалгүй Play time наадамд ордог байсан байна. Хэдэн жилийн дараа хамтлаг нь тарсан ч тэр өөрийгөө урлагаас хэзээ ч хөндийрөх ёсгүй хүн гэж боддог байжээ. Тэр зөвхөн дуулаад зогсохгүй хамтлагтаа бөмбөр, гитар, төгөлдөр хуур тоглодог байсан байна. Хэсэг хугацаанд эхнэртэйгээ хамт хөдөлмөрлөж амьдралын төлөө зүтгэсний эцэст дахин өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө алхам хийхээр шийджээ. Түүний хүслийг ойлгож, дэмждэг эхнэр нь түүний том давуу талуудын нэг бололтой. Харин энэ шоу бол дуу хөгжимд дурласан түүний томоохон алхмуудын нэг гэж болно. Ямартай ч хөгжмийн авьяастай, урлагт чин сэтгэлээсээ хайртай роккер маань С.Ононбат шүүгчтэй хэрхэн хамтрахыг дараагийн шатанд харах л үлдлээ.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг өнөө орой 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.