2018 онд 74.600 ажиллах хүчний эрэлт бий болно

-Энэ онд барилга болон худалдааны салбарын ажиллах хүч эрэлттэй байна-

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс хөдөлмөр эрхлэлтэй холбоотой зургаан төрлийн дэлгэрэнгүй судалгааны дүнг танилцууллаа. Тэгвэл энэ онд 74,600 ажиллах хүчний эрэлт бий болох төлөвтэй гарчээ. Энэ нь өмнөх оноос 5,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт хөдөлмөр эрхлэлтэй холбоотой дээрх судалгаануудыг үндэсний статистикийн хорооны бизнес регистрын санд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 2507 аж ахуй нэгж байгууллагыг дунд явуулсан байна. Тэгвэл 2018 оны эхний хагаст ажиллах хүчний нийт эрэлтийн 76.4 хувь буюу 57 мянган ажиллах хүчний эрэлт бий болох хүлээлттэй байгаа бол, сүүлийн хагаст 23,6 хувь буюу 17600 ажиллах хүчний эрэлт бий болох хүлээлттэй байгаа гэж судалгаагаар гарчээ.

2018 онд барилга болон бөөний болон жижиглэн худалдааны салбар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй гарчээ. Тухайлбал барилгын салбарт 18600 ажиллах хүчний эрэлт бий болох бол, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 15200 ажиллах хүчний эрэлт бий болох төсөөлөл гарчээ.

Хөдөлмөрийн зах зээлийн дээрх судалгаанд ажил хайгчдын 31,5 хувь нь ажлын туршлагагүй, 23,5 хувь нь боловсрол мэргэжлийн түвшин нь ажлын байрны шаардлагад нийцдэггүй, 13,2 хувь нь ажил хайгч ажлын байрны орчин нөхцөл, цалин хөлс голдог гэж дурдсан байна.

Б.Хулан