Анх удаа 1-3 дугаар ангийн брайль-кирил хосолсон сурах бичиг хэвлэгдэнэ

Улсын хэмжээнд 17.000 орчим хараагүй болон сул хараатай иргэн байдаг. Тэдгээрийн 5 хувийг хүүхдүүд эзэлдэг байна. Эдгээр хүүхдүүдэд ном сурах бичгийн хангамж, хүрэлцээ тааруу байдаг нь тэднийг сурч хөгжихөд бас нэгэн саад болж байгаа юм. Тэгвэл анх удаа хараагүй болон харааны бэрхшээлтэй 1-3 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан ном, сурах бичгийг брайль болон кирил үсгээр хослуулан хэвлэх төсөл хэрэгжиж эхэллээ.

Одоогоор харааны бэрхшээлтэй хүүхдүүд 12 жил суралцах хугацаандаа ердөө 4 нэр төрлийн ном сурах бичиг хэрэглэдэг байна. Энэ нь тусгай сургуулийн нэг сурагч судалвал зохих сурах бичгийн ердөө гурван хувийг брайль үсэгтэй номоор үзэж байна гэсэн үг юм. Тэгвэл төсөл хэрэгжих хоёр жилийн хугацаанд харааны бэрхшээлтэй 1-3 дугаар ангийн сурагчид нийт 15 хичээлийн брайл болон кирилл хослуулан хэвлэсэн сурах бичигтэй болох юм.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд одоогийн байдлаар 108 хүүхэд суралцдаг. Гэтэл 1-12 ангийн хэмжээнд 1-р ангийн цагаан толгой, 9-р ангийн мэдээлэл технологи мөн англи хэл, нийгмийн ухаан гэсэн дөрвөн брайль сурах бичигтэй байна.

“Австралийн засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ боловсролын тэгш оролцоог хангахад үргэлж анхаардаг. Энэ утгаараа бид монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон 116-р сургуультай хамтарч ажиллаж байгаадаа таатай байна. Монголд анх удаагаа 1-3 дугаар ангийн хүүхдийн брайл болон кирилл үсэг хосолсон сурах бичиг хэвлэх төсөл байсан учраас энэхүү төслийг дэмжиж ажилласан. Энэ төсөл хэрэгжсэнээр зөвхөн харааны бэрхшээлтэй 116-р сургууль сурагчид төдийгүй бусад хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сурч хөгжихөд туслана гэж найдаж байна.” Хэмээн Австрали улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Лангтри сэтгэгдлээ хуваалцсан юм.

Өмнө нь хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчид брайль сурах бичиггүйн улмаас тухайн хичээлийг 40 минутад зөвхөн багшийн заасан танхимын сургалтаар сонсдог байжээ. Тэгвэл Австралийн засгийн газрын санхүүжилттэй уг төсөл хэрэгжсэнээр хараагүй болон харааны бэрхшээлтэй бага ангийн сурагчид багш, эцэг эх, асран хамгаалагчтайгаа хамтран мэдлэгээ сорих, бататгах, гэрийн даалгавраа хийхэд тулгардаг байсан хүндрэлүүд багасах юм байна.

Б.Хулан