Өнөөдөр спортод

Ж.ХАРДЕН ЭНЭ УЛИРАЛ НАЙМ ДАХИА 40 ОНООНД ХҮРЛЭЭ

Жэймс Харден 41 оноо авч Хюстон Рокетс 109:101-ийн харьцаатай Майами Хитийг талбайд нь буулгаж авлаа. Хюстон Рокетсын сүүлийн 11 тоглолтоос 10 дахь ялалт төдийгүй ялалтын цувралаа тав болгосон юм. Крис Пол энэ тоглолтонд 24 оноо, долоо дамжуулалт, долоон самбараар багтаа тусалсан. Эсрэгээрээ Майами Хит сүүлийн таван тоглолт дараалан хожигдож, энэ улирлын хамгийн тааруухан цувралаа үргэлжлүүлж байна. Тоглолтын эхний хагаст Рокетс 17 онооны зөрүүтэй тэргүүлж байлаа. Жэймс Хардены хувьд энэ улирал найм дахь удаагаа 40 оноонд хүрч байгаа юм. Тэр цагаригт 25 шидсэний 13 нь оновчтой болж, гурван онооны шидэлт 12-ыг хийсний тав нь цагаригт орсон. Мөн 12 чөлөөт шидэлтийнхээ 10-ыг нь оноо болгожээ. Харден ашигтай дамжуулалт, самбараас бөмбөг авалт тус бүр зургааг гүйцэтгэсэн. Тэрээр эхний үед 16 оноо авсан бол ялангуяа тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед 13 оноо багтаа авчирснаар багийнхаа ялалтанд чухал хувь нэмэр орууллаа.

ЭМПАЙР СТЭЙТ БИЛДИНГИЙН ШАТААР ӨГСӨХ УРАЛДААНД СЮЗИ УАЛШАМ ЗУРГААН ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛЭВ

АНУ-ын Нью Йорк хотноо жил бүр болдог Эмпайр Стэйт Билдингийн шатаар өгсөх уралдаанд Австрали бүсгүй Сюзи Уалшам сүүлийн зургаан жил дараалан түрүүлжээ. Түүний хувьд Сингапурт амьдардаг, хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын 1500 м-ийн уралдаанд шигшээ шатанд шалгарч явсан тамирчин юм. Ийм төрлийн уралдаанууд Дубайн Бурж Халифа, Тайваний Тайпей 101, Чикаго хотын Уиллис Тауэр зэрэг хэд хэдэн газар болдог. Тэр дундаа Эмпайр Стэйт Билдингийн хувьд дээвэр хүртлээ 380 м, 102 давхар барилга юм. Тэгвэл Сюзи Уалшам энэхүү барилгын шатаар хамгийн хурдан өгсөх уралдаанд нийт ес дэх удаагаа түрүүлж байна. Тэрээр 2016 онд өндөр барилгууд руу авирах ДАШТ-д түрүүлж байсан юм. Харин эрэгтэйчүүдийн ангилалд колумбын тамирчин Франк Николас Каррено анх удаа Нью Йоркд түрүүлсэн байна. Тэрээр энэ төрлийн тамирчдаас дэлхийд чансаагаараа хоёрт эрэмблэгдэж байгаа. Эмпэйр Стэйт Билдингийн 41 дэх удаагийн уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 200 гаруй хүн өрсөлдөж, 86 давхар хүртэл 1576 алхам уралджээ.

АНУ-ЫН БАГИЙН ӨВЛИЙН ОЛИМПИЙН НЭЭЛТЭД ӨМСӨХ ХУВЦСЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ

Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн ёслолын үеэр АНУ-ын багийн өмсөх хувцсыг танилцуулсан байна. Тус хувцсыг ирэх сард паралимпийн наадамд АНУ-ын тамирчид мөн өмсөнө. Америкийн хувцас хамгийн сүүлийн үеийн загвар дизайныг технологийн шийдэлтэй хослуулсан учир Солонгосын хүйтэн уур амьсгалд маш сайн зохицно гэж тайлбарлаж байгаа юм. Тамирчдын хувцасны иж бүрдэлд цацган чимэглэлтэй илгэн бээлий, жийнсэн өмд багтаж байгаа нь сонирхолтой. Хувцсыг уран гулгалтын ДАШТ-ийн мөнгөн медальт АНУ-ын ах дүү тамирчид болох Алекс Шибутани, Майа Шибутани нар өмсөж танилцуулсан байна.

ДЭМЖИГЧИД, СЭТГҮҮЛЧИД, АЛБАНЫХАН НЭГДСЭН БНАСАУ-ЫН 280 ХҮН БНСУ-Д НЭВТЭРЧЭЭ

Пёнчаны өвлийн олимпийн нээлт болох тун дөхөөд байгаа энэ үед БНАСАУ-ын 280 иргэн БНСУ-д нэвтэрчээ. Тус бүрэлдэхүүнд 229 улсаас бэлтгэгдсэн дэмжигч, сэтгүүлчид, Таеквондогийн үзүүлбэрийн гишүүд багтаж байгаа юм. Энэ явдлын өмнөх өдөр БНАСАУ-ын 140 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг усан онгоцны боомтоор БНСУ-д хөл тавьсан байна. Өмнө нь хоккейн эмэгтэй багийн гишүүд олимпийн наадмын бэлтгэлээ хийхээр БНСУ-д хэдийн очоод байсан. Мөн энэ цуваа ирэх өдрүүдэд БНАСАУ-ын төрийн дээд албан тушаалтнуудын айлчлалаар үргэлжлэх юм байна.

КОСОВОГИЙН ТАМИРЧИН АНХ УДАА ӨВЛИЙН ОЛИМПД ОРОЛЦОНО

Одоогоос 10 жилийн өмнө Сербиэс салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан Косово улсын тамирчин анх удаа өвлийн олимпийн наадамд оролцох гэж байна. Тодруулбал одоо 28 настай Албин Тахири улсаа төлөөлж ганцаараа Пёнчаны өвлийн олимпд уулын цанын төрлүүдэд оролцох гэж байгаа юм .Өвлийн олимпийн 23-р наадамд АНУ-ын баг 242 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа, харин Монгол, Молдав, Морокко, Болив зэрэг улсууд тус бүр хоёр, Того, Пуэрто Рико, Кипр, Косово зэрэг улсууд ганц тамирчнаа сойж байгаа юм. Косово 2014 онд ОУ-ын олимпийн хорооны гишүүн болж 2016 онд анх удаа зуны олимпд тамирчдаа оролцуулж байлаа. Улмаар жүдогийн тэмцээнд Косовогийн тамирчид алтан медаль хүртсэн юм. Албин Тахиригийн хувьд медалийн тавцанд гарах магадлал бага ч амжилтаа ахиулах зорилготой Солонгост очжээ.

САУДЫН АРАБЫН ЕСӨН ХӨЛ БӨМБӨГЧИН ИСПАНИЙН ЛИГТ ТОГЛОНО

Испанийн Райо Валекано клуб Саудын Арабын шигшээ багийн тоглогч Абдулмажед Аль-Сулайхемийг бүрэлдэхүүндээ нэгтгэснээ танилцуулжээ. Одоо 23 настай, хагас хамгаалалтын байрлалд тоглодог тэрээр долоо хоногийн өмнө шинэ багтайгаа нэгдэж 19 дугаартай тоглохоор болсон байна. Гэхдээ тэрээр зургаан сарын хугацаатай зээллэгээр Испанид тоглоно. Райо Валекано баг одоо Испанийн хоёрдугаар дивизионд өрсөлдөж байгаа. Испанийн хөл бөмбөгийн дээд лиг болон Саудын Арабын хөл бөмбөгийн холбооны Саудын Арабын хөл бөмбөгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд энэ улирлын дуустал Саудын Арабаас есөн тоглогч Испанийн лигт тоглохоор очсоны нэг нь Абдулмажед Аль-Сулайхем юм. Саудын Арабын шигшээ баг энэ жил ДАШТ-д оролцоно. Сүүлийн таван ДАШТ-д дараалан оролцож байгаа тэд энэ удаад Эй хэсэгт зохион байгуулагч ОХУ, Египт, Уругвайн багуудтай таараад байгаа юм.

“ПСВ”-ГИЙН ШИНЭ ОД ТЭРГҮҮЛЭГЧДЭД ЯЛАЛТ АВЧИРЛАА

Недерландын хөл бөмбөгийн лигийг ПСВ Айнтховен долоон онооны зөрүүтэй тэргүүлж байна. Голландын лигт багууд 22 тоглолт хийчихээд байгаа. ПСВ улирал эхэлснээс хойш хоёр хожигдож, нэг л тэнцсэн, 19 тоглолтонд нь хожсон үзүүлэлттэй байгаа юм. Тэд талбайдаа Эксельсиор клубынхныг хүлээн авч Луук де Йонгийн гоёмсог дамжуулалтаар мексик довтлогч Хирвинг Лозано гоол оруулан 1:0-ийн харьцаатай хожсон юм. 22 настай энэ залууг ПСВ өнгөрсөн зун найман сая еврогоор Мексикийн Пачука багаас авсан. Лигийн энэ улирал 20 тоглолтонд гарч 13 дахь гоолоо оруулсан үзүүлэлттэй мэргэн буучдыг тэргүүлж байгаа юм. ПСВ лигтээ энэ улирал талбайдаа хийсэн тоглолтонд ялагдал хүлээгээгүй, сүүлийн зургаан тоглолт дараалан хожлоо.

“АЯАКС” ЛИГТЭЭ 11 ТОГЛОЛТ ДАРААЛАН ХОЖИГДООГҮЙ

Голландын лигийн хамгийн олон удаагийн аварга 33 цомын эзэн Аяакс Амстердам одоо тэргүүлэгчдээс долоон оноо дутуу хүснэгтийн хоёрдугаар байранд эрэмблэгдэж байгаа юм. Тэд 22-р тойрогт Рода клубын талбайд зочлон тоглолт хийсэн. Хэдийгээр тоглолт эхлээд минут гаруйн дараа л гоол алдсан ч эхний хагаст 2:1, үндсэн цагт 4:2-оор ялсан юм. Донни ван де Бээк тоог тэнцүүлсэн бол хоёрдугаар хагаст Клаас ян Хунтелаар хоёр гоол оруулсан. Аяаксаас Донни ван де Бээк, Клаас ян Хунтелаар, Давид Нерес гурван тоглогч лигтээ ижил есөн гоол оруулаад байгаа юм. Аяакс лигтээ сүүлийн 11 тоглолт ялагдаагүй үзүүлэлттэй байна.

ГЕРМАНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ДӨРӨВ ТОДОРЛОО

Германы хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээний шөвгийн наймын тоглолтууд үргэлжилж Шальке 04-ийн талбайд Вольфсбург зочиллоо. Энэ хоёр баг хамгийн сүүлд лигийн хүрээнд тоглоход 1:1-ээр тэнцэж байсан. Харин энэ өдөр 10 дахь минутанд Австри довтлогч Гуйдо Бургсталлер тоог нээсэн нь тоглолтын цорын ганц хожлын гоол байсан байна. Шальке хамгийн сүүлд 2011 онд Германы цомд 12 дахь удаагаа шөвгөрч тав дахь удаагаа түрүүлж байлаа. Харин Вольфсбург түүхэндээ хорин жилийн зайтай хоёр удаа финалдаж 2015 онд анх удаа аваргаар тодорч байсан юм. Ийнхүү германы цомын тэмцээний хагас шигшээд Байерн Мюнхен, Байер Леверкузн, Шальке 04, Айнтрахт Франкфурт багууд шалгарлаа. Шөвгийн дөрвийн сугалаа ирэх 11-нд болно.

ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ДЭД БАЙРЫН ЭЗЭД ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРАВ

Бундеслигт Шалькегийн яг дор эрэмблэгдэж Европа лигийн эрхтэй зургаадугаар байранд бичигдэж байгаа Айнтрахт Франкфуртын хувьд Германы цомын тэмцээний шөвгийн наймд унах бүсийн багуудын нэг Майнц 05-ыг талбайдаа хүлээн авсан юм. Гэхдээ энэ хоёр баг хамгийн сүүлд Бундеслигт тоглоход мөн л 1:1-ээр тэнцэж байлаа. Харин энэ өдөр 3:0-ээр талбайн эзэд хожсон юм. Өнгөрсөн жил Германы цомын финалд гоол оруулж байсан Хорват довтлогч Анте Ребич энэ тоглолтонд багийнхаа эхний гоолыг оруулсан юм. Айнтрахт Франкфурт өнгөрсөн жил Германы цомын хагас шигшээд Боруссиа Мюнхенгладбахыг торгуулийн цохилтоор хожиж түүхэндээ долоо дахь удаагаа аваргын төлөө тунасан ч Боруссиа Дортмундад ялагдаж байлаа.

Бэлтгэсэн: Э.Энхбаяр