Өнөөдөр Спортод

ПЁНЧАН 2018: ОХУ-ЫН ХОККЕЙЧИД БНСУ-Д ГАЗАРДЖЭЭ

ОХУ-ын мөсний хоккейн шигшээ баг Пёнчаны өвлийн олимпд оролцохоор БНСУ-ын Инчён хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. ОХУ-ын тамирчдын төрийн оролцоотой допингийн асуудлын улмаас ОУ-ын олимпийн хороо тэдэнд хориг тавьж, оросын 169 тамирчин олимпийн далбаан дор энэ 23-р наадамд оролцохоор болоод байгаа. Хоккейн эрэгтэй багуудын тэмцээн Ганнён хоккейн төвд явагдах бол эмэгтэйчүүдийн тэмцээн Квандон хоккейн төвд болох юм. Эмэгтэйчүүдийн тэмцээн 10-ны бямба гарагт, эрэгтэйчүүдийн тэмцээн 14-ний лхагва гарагт эхэлнэ. Оросын эрэгтэй хоккейчид 14-ны орой Словакийн багтай нээлтийн тоглолтоо хийх бол эмэгтэй баг нь 11-нд Канадын эсрэг эхлээд тоглоно.

ПЁНЧАНД ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРЧЭЭ

Олимпийн наадам эхлэх гэж байгаа энэ өдрүүдэд Пёнчаны ойролцоо норовирус буюу гэдэсний халдварт өвчний 36 тохиолдол бүртгэгджээ. Өвчилсөн хүмүүс нь олимпийн наадмын үеэр ажиллах аюулгүй байдлын албаныхан байсан юм байна. Улмаар 1200 гаруй хамгаалалтын ажилтныг тусгаарлаж, хөл хорионд оруулаад байгаа ажилтнуудаас авсан шинжилгээний хариу удахгүй гарна гэж Пёнчаны олимпийн зохион байгуулах хорооноос мэдэгдлээ. Норовирус гэдэг нь ус, хүнсээр дамжин, мөн хүнээс хүнд халддаг, гүйлгэх, бөөлжих, гэдэс өвдөх шинж тэмдгээр илэрдэг өвчин юм байна. Өвчний нууц үе 12-48 цаг байдаг бөгөөд эдгэрэхэд нэгээс гурван хоног шаардлагатай байдаг байна. Олимпийн наадмын тоглолтууд маргаашнаас эхэлнэ.

ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМП, ПАРАЛИМПИЙН НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ И ХИ-БОМ :

“Пёнчан 2018 өвлийн олимпийн наадам эхлэхэд ердөө гурван хоног л үлдээд байна. Манай баг бүрэлдэхүүний олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдаж, хүлээн авахад бэлэн болоод байна. 102 багц медалийн төлөө өрсөлдөх тэмцээнүүд пүрэв гарагт цанын харайлтаар эхэлнэ. Харин баасан гарагт олимпийн нээлт болж оролцогч тамирчид жагсан олимпийн гал бадамлах торгон мөчийн гэрч болох учиртай. Тэр бол бид бүгдийн хувьд сэтгэл догдлуулсан, бахархалт мөч байх болно. Наадмыг зохион байгуулах бидний мөрөөдөл биелэлээ олж байна.”

ФААШТ: ҮНЭМЛЭХҮЙ АВАРГУУД ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЭВ

Тайваний нийслэл Тайпей хотноо болж байгаа Азийн футзалын аварга шалгаруулах тэмцээний Си хэсэгт сүүлийн тоглолт Азийн хамгийн олон удаагийн аварга Иран болон тэдний гол өрсөлдөгч Иракийн шигшээ багуудын хооронд боллоо. Хоёр баг аль аль нь өмнөх хоёр тойргоос зургаан оноо авсан учир хэсгээс шалгарах нь хэдийн тодорхой болсон. Гагцхүү хэн нь хэсгээ тэргүүлэх вэ гэдгийг энэ тоглолт шийдсэн юм. Тоглолт маш өрсөлдөөнтэй эхэлж Иракийн баг эхний гоолыг оруулсан ч хэдхэн секундын дараа Ираны баг тоог тэнцүүлсэн байна. Энэ тоглолтонд гурван ч удаа тоо тэнцсэн. Гэхдээ эцэст нь аваргууд 5:3-ийн харьцаатай хожиж есөн оноотой хэсгээ тэргүүллээ. Азийн футзалын АШТ 1999 оноос хойш өмнө нь 14 удаа болоход Ираны шигшээ бүгдээс нь медаль хүртэж, тэр дундаа 12-т нь шөвгөрч 11 түрүүлсэн түүхтэй. Үнэмлэхүй аваргууд одоо шөвгийн наймд ААШТ-ий хошой хүрэл медальт Тайландын багтай тоглоно. Хасагдах шатны тоглолтууд найманд болно.

ГЕРМАНЫ ЦОМ: “БАЙЕРН” БУТ НИРГЭЛЭЭ

Байерн Мюнхен клуб Германы хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээний шөвгийн наймд Падерборны талбайд зочилж 6:0-ээр хожжээ. 2014 онд германы дээд лигт дэвшиж явсан Падерборн сүүлийн улирлуудад дараалан унасаар одоо гуравдугаар дивизионд тоглож байна. Бундеслигийн тэргүүлэгчид энэ өдөр эхний хагаст 3:0-ээр хошуучилсан. Байерн Мюнхен бүх тэмцээнд сүүлийн 20 тоглолтын 19-д нь хожлоо. Энэ тоглолтын сүүлийн хоёр гоолыг Арьен Роббен оруулсан. Байерн Мюнхен холбооны цомын тэмцээнд 21 финалдаж 18 түрүүлсэн амжилтаар рекорд эзэмшдэг. Тэд сүүлийн таван улирлын гуравт нь түрүүлсэн. Гэхдээ өнгөрсөн улирал хагас шигшээд Боруссиа Дортмундад ялагдаж байлаа. Харин энэ жилийн хагас шигшээн сугалаа ирэх 11-нд болно.

ГЕРМАНЫ ЦОМ: “БАЙЕР 04”-ИЙН ДРАМ

Германы цомд түрүүлсэн тоогоороо Байерны дараа хоёрт эрэмблэгддэг, зургаан удаагийн аварга Уэрдэр Бремен шөвгийн наймд Байер Леверкузны талбайд зочиллоо. Тэд тоглолтын долоо дахь минут гэхэд 2:0-ээр хошуучилж байсан юм. Уэрдэр Бремен хамгийн сүүлд 2010 онд 10 дахиа Германы цомд шөвгөрсөн ч өнгөрсөн улирлын аваргын цомоо хамгаалж чадаагүй түүхтэй. Сонирхолтой нь Уэрдэр хамгийн сүүлд 2009 онд энэ тэмцээнд түрүүлэхдээ шувтаргын тоглолтонд Байер Леверкузныг хожиж байлаа. Тэгвэл энэ өдрийн хамгийн гайхалтай нь хоёрдугаар хагаст Байер Леверкузнээс Жулиан Брандт хоёр гоол дараалан оруулж тоог тэнцүүлсэн юм. Улмаар үндсэн цаг 2:2-оор дуусч цаг сунгахад Карим Беллараби гоол оруулж, гоолын дамжуулалт өгснөөр тоглолт 4:2-оор өндөрлөж Байер Леверкузн хагас шигшээд шалгарлаа.

ТОКИО 2020: ОЛИМПИЙН НААДАМД БЭЛТГЭЖ БАЙНА

2020 онд Япон улсын нийслэл Токиод болох зуны олимпийн 32-р наадмын байгууламж баригдаж байна. Одоогоор 206 орны 11000 гаруй тамирчин оролцож спортын 33 төрлийн 324 тэмцээн болно хэмээн төлөвлөж байгаа. Нийт 33 байгууламжид тус тэмцээнүүд болохын 11 нь шинээр баригдах төлөвлөгөөтэй байсан юм. Тэдний тоонд усан спорт, волейбол, завины уралдааны замуудын байгууламжууд орж байна. Харин Токиогийн төвд олимпийн нээлт, хаалт, хөнгөн атлетик, бокс, жүдо зэрэг тэмцээнүүд болно. Хотын төвийн зургаан байгууламжийн зарим нь 1964 оны зуны олимпд ашиглагдаж байжээ. Олимпийн наадмын зохион байгуулагчид өнгөрсөн оны сүүлээр тус наадамд нийт 12 тэрбум орчим америк доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан юм.

НБА: КРИСТАПС ПОРЗИНГИС ХҮНД БЭРТЭЖ ТАЛБАЙГ ОРХИВ

Өнөөдөр Нью Йорк хотноо болсон Никс, Бакс багуудын тоглолтын үеэр Кристапс Порзингис өвдгөндөө хүнд бэртэл авч тоглолтыг орхилоо. Мэдисон Сквер Гарденд Нью Йорк Никс тоглолтыг давгүй эхлүүлж Порзингис тоглолтын эхний хагаст 11 минут талбайд тоглохдоо 10 оноо, 2 самбар багтаа авчираад байлаа. Гэвч тэрээр хоёрдугаар үе эхлээд гурван минут болж байхад өвдгөө хүнд бэртээж талбайг орхисон. Тодруулбал Порзингисгийн зүүн хөлийн өвдөгний шөрмөс тасарсан байна. Тэрээр цагаригт тохоод буухдаа Яннис Адетокунбогийн хөл дээр гишгэж бэртжээ. Ингээд ямартай ч удахгүй болох бүх оддын тоглолтонд оролцож чадахгүй, вэбсайтуудаар бичиж байгаараа энэ улирал ч дахин талбайд гарч чадахгүй болж байна. Порзингис энэ улирал бэртлийн улмаас долоон тоглолт өнжиж байсан. Тус тоглолтонд Никс 103:89-өөр дөрөв дэх дараалсан хожигдлоо хүлээж, харин Бакс гурав дараалан хожлоо.

БАСБИГИЙН ЖААЛУУД ОСОЛДСОНЫ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ

Одоогоос 60 жилийн өмнө Басбигийн жаалууд хэмээн нэрлэгддэг байсан, Манчестер Юнайтед клубын тоглогчдын сууж явсан онгоц осолдож 23 хүний амийг авч одсон харамсалтай үйл явдлыг өчигдөр Англид эргэн дурслаа. Түүхийг эргэн сөхвөл 1958 оны хоёрдугаар сарын зургаанд Манчестер Юнайтед клубын тоглогчид одоогийн Аваргуудын лиг буюу тухайн үеийн Европын цомын тэмцээний тоглолтыг Сербийн Белград хотноо хийчихээд буцаж явахдаа Германы Мюнхен хотод осолдсон юм. Тухайн үед онгоцонд Манчестер Юнайтедийн найман тоглогч, гурван албаны хүн, найман сэтгүүлч, нислэгийн багийн хоёр гишүүн, хоёр зорчигч явсан бөгөөд бүгд амиа алдсан юм. Нэг тоглогч ослоос амьд гарч эмнэлэгт хүргэгдсэн 15 хоногийн дараа хорвоог орхисон байдаг. Манчестер хотын Олд Траффорд цэнгэлдэхэд болсон энэхүү гашуудлын үйл ажиллагаанд Сер Бобби Чарльтон, Майкл Каррик, Жозе Моуриньо, Сер Алекс Фергусон зэрэг тус клубын үе үеийн алдартнууд, тоглогчид оролцсон юм.

Э.Энхбаяр