Сэтгүүлчдийн дарга ийм хүн байгаасай, ийм ажлуудыг хийгээсэй

MongolTV Tower n Studios

Үзэл бодол

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг байгууллагын сонгууль тоссон зодоонтой өдрүүд өнөөдөр дууслаа. Улс төрийн намын гишүүн сэтгүүлч сонгоно, сонгохгүй гэж маргасан гэв. Улс төрийн намын гишүүн сэтгүүлч гэж дэлхий дээр байхгүй юм. Нэг бол намын гишүүн, нэг бол сэтгүүлчээ л хийнэ. Харилцан хамааралтай салбар хэдий ч энэ хоёр зүйл ус, тос шиг холилдох боломжгүй ёс зүйн шүтэн барилдлагатай. Хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлч гэж бас байх боломжгүй. Энэ миний үзэл бодол биш энэ бол сэтгүүл зүйн ёс зүйн алтан зарчим юм. Эрх ашгийн эрэмбээрээ сэтгүүлч нам, лам, инстүүц болон бизнес хамгаалах нь буруу. Эндүүрэхээ болицгооё.

Сэтгүүлчдийн эвлэлийн сонгуулийн талаар “залуучуудыг залхаах санал, гомдол өдөржин үргэлжлээд оройхон тийшээ хайрцагласан гишүүд нь олонхи болоод ирэхээр үүр шөнийн заагаар санал хураадаг” гэж үе тэнгийн сэтгүүлчдээс үлгэр, домог шиг зүйлс сонсч байсан тул мандатаа хөөцөлдөж аваад, цаг гаргаж очиж оролцох сонирхол төрсөнгүй. Би ганцаараа биш юм. Залуу сэтгүүлчид, редакторууд ийм бодолтой явдагаа өнгөрсөн хэд хоногт ил, далд илэрхийлэв.

Оролцохгүй байж шүүмжлэх муухай хэдий ч оролцох уур амьсгал энэ байгууллага бүрдүүлсэн үү гэдэг асуулт илүү чухал юм. Оролцоонд уриалсан, нийтийн эрх ашигт хэрэгтэй санаачлагад залуучууд өөрсдөө гүйгээд очдог жишээг салбарын өөрийн зохицуулалтыг нэвтрүүлж эхэлсэн Монголын Хэвлэлийн Зөвлөл ба Лхагва гаригийн 16 цагт хүрээлэн дээр цугладаг байсан Медиа Консул клубын сэтгүүлч, багш нар гэрчилнэ. Медиа Консул клуб сэтгүүлчдэд нээлттэй хэлэлцүүлэг хийх, өөрсдийнхөө мэдэхгүй, чадахгүйг хүлээн зөвшөөрч бусдаасаа суралцах, хэрхэн яаж ёс зүйтэй сурвалжлан, нийтлэх талаар мэдээлэл, мэдлэг солилцдог орон зай байж чадсан юм.

Монголын сэтгүүлчдийн ууган байгууллагын шинэ ерөнхийлөгчид хийх ажил их бий.

Сэтгүүлчээ хамгаал

Сэтгүүлчдийн эвлэлийн үндсэн чиг үүрэг бол үйдлвэрчин байдаг. Бүх ардчилсан бүүр зарим коммунист улсад ч ижил. Монголд банк, хэвлэлийн салбар л үйдвэрчний эвлэлгүй. Энэ байдал хэвлэлийн эзэд, хөрөнгө оруулагчидтай хөдөлмөрийн шударга нөхцөл, хаалтын гэрээ буюу бизнес, улс төрийн явцуу эрх ашгийн эсрэг зогсох, хэлэлцээрт орох боломжийг хязгаарлаж байна. Сэтгүүлчдийн дундаж цалинг гаргавал багш, эмч нар өрөвдөөд жагсахгүй. Хөдөлмөрийн нөхцөл сайжрахгүйгээр бид бусад өөрчлөлтийг ярихаа азнах эсвэл хойшоо тавихаас өөр аргагүй.

Сэтгүүлчээ дахиад хамгаал 

Шинэ эрүүгийн, зөрчлийн хуулинд гайхамшигтай ухаалаг хууль тогтоогчид маань гүтгэн доромжлох гэмт хэргийг шигтгэж өгсөн лайгаар одоо цагдаа, прокурор, хэвлэл, шүүхийн хэрэг шийдвэрлэх процесс ойлгомжгүй болов. Цагдаа дээр бөөн гомдол. 2 сая, 20 сая төгрөгөөр шүүмжлүүлэхгүй байж болохыг ойлгосон овжин төрийн албаны хурган дарга нар гомдол үйлдвэрлэж, цалин + орлого багатай, хуулийн мэдлэг тааруу хэвлэл, сэтгүүлчид хүчгүйдэж байна. Сэтгүүлч рүү халдсан, редакцийг айлгасан бүх тохиолдолд анхаарлаа хандуул. Олон улсын хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж гомдол бүрт хариу өгөх, өмнөөс нь дуугарах, асуудлыг хуулийн дагуу шийдүүлэх хариуцлага, манлайлалтай байхыг хүсье.

Байгууллагаа байгууллага шиг, санхүүгийн бие даасан байдалд хүргэ

МНСЭ гишүүнчлэлийн хураамжаараа ажлын албаа амьдруулах бүрэн боломжтой. Битгий зовлон тооч. Гишүүддээ үнэ цэнэ бүтээ. Тэгвэл бид хураамжаа төлөөд дэмжихэд бэлэн байна. Урлагийн зөвлөл, JCI, Rotary, Global Shapers гээд гишүүнчлэлтэй бөгөөд гишүүддээ үнэ цэнэ бүтээж чаддаг ТББ-уудаас суралцах хэрэгтэй.

Дэлхийтэй холбогд, дэргэдэхээ сурга

Сэтгүүл зүйн ирээдүй ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА гэж Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн тэргүүн Gerard Ryle тодорхойлсон. Сэтгүүл зүйн боловсрол, сэтгүүлчийн мэргэжил маш хурдацтай өөрчлөгдөж байна. Сэтгүүл зүйн боловсрол олгож буй их, дээд сургуулиудад хамгийн наад зах нь англи хэл зааж байна уу? Хуурамч мэдээллийн эсрэг редакциуд ямар арга хэмжээ авах вэ? гэх мэт 2018 оны асуудлуудад 2018 оны шийдэл гаргаж чадах сайн менежер, сайн сэтгүүлч, хүний эрхийн тэмцэгч энэ салбарт эерэгээр манлайлж чадна. Тэгвэл бид дэмжинэ.

Э.Лхагва

МонголТВ мэдээний албаны ерөнхий продюсер
Хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн
Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн