Н.Амаржин: Мэдэхгүй гэдэг үгийн ард асар том орон зай нээгдэж байдаг

Оролцогчдын онцлох ишлэлүүдийг хүргэе.

Н.Амаржин Юниверсал төвийн үүсгэн байгуулагч

  • Манай хүүхдүүдэд англи хэл гэхээсээ илүү дэлхийн тавцанд англи хэлийг ашиглан, хайрцагнаас гарч сэтгэх өрсөлдөх чадвар дутагдаж байна.
  • Манайхан ихэнх тохиолдолд би хэл сурахаасаа оройтсон гээд орхичихдог. Харин хувь хүний чиг хандлага, тууштай, тогтвортой байгаа тохиолдолд ямар ч хүн ямар ч нас нь дээр тодорхой хэмжээнд сурч болно.
  • Мэдэхгүй гэдэг зүйлээ санаа зовохгүйгээр хүлээн зөвшөөрч чадах юм бол энэ нь хувь хүний тал дээр маш том дэвшилт болно.
  • Мэдэхгүй гэдэг бол сул доройн мөн чанар биш юм. Мэдэхгүй гэдэг үгийн ард асар том орон зай нээгдэж байдаг.
  • Үндэсний хэл бол амин чухал зүйл. Үндэсний хэлний тогтолцоог алдагдуулахгүйгээр гадаад хэлийг сурах бүрэн боломжтой гэж би боддог.

Д.Наранцэцэг Япон хэлний багш

  • Монголчууд хэл сурахдаа авьяастай гэж би баттай хэлж чадна. Яагаад гэвэл тогтоох чадвар маш хурдан бас авиа зүйн дуудлага маш сайн байдаг.
  • Япон хүмүүстэй харьцуулахад Монгол хүмүүс ганцхан дутагдалтай юм байдаг нь ажиллагаа муутай, хүч гаргаж өөрсдийгөө дайчилдаггүй.
  • Би гадаад хэлний багш. Гэхдээ монгол хүн монгол хэл, монгол зан заншил, монгол түүхээ мэдэхгүй бол монгол хүн биш болно.
  • Гадаад хэл бол чухал. Төрийн бодлогоор зохицуулахгүй байсан ч манай Монголчууд гадаад хэлийг түргэн сурч чадах түүхэн уламжлалтай ард түмэн юм.
  • Хэл бидэнд олон нарийн нандин зүйлийг ойлгож ухаарахад гүүр болдог зүйл юм.
  • Ц.Мандухай Orchuulga24 орчуулгын төвийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
  • ЕБС-аас эхлээд эссэ бичих, өөрийгөө илэрхийлэх, шүүмжлэлт сэтгэлгээ гэх мэт чадваруудыг манай багш нар хүүхдэд олгохдоо тааруу байна гэж боддог.
  • Хүүхдүүдийг хурдан цээжил гэхээсээ илүү цаад утга, юутай холбогдож байгаа гэх мэт мөн чанарыг нь сайн ойлгуулах хэрэгтэй.
  • Хүүхэд эх болон гадаад хэлийг хослуулан хэрэглэснээр тархины цар хүрээ нь баяжих өргөн боломжтой юм.
  • Гэр бүлийн хүрээнд монгол хэлээр баялаг ярьвал англи нэг үгийг сонсоод таван үгээр илэрхийлж болох юм байна гэж хүүхэд ойлгоно. Харин тэр англиар ойлгодог үгээ хоёрхон монгол үгээр илэрхийлж мэддэг бол цаашлаад тэр хүн өөрийгөө илэрхийлэх, эссэ бичихэд хүртэл мэдлэг нь хязгаарлагдана.
  • Миний бодлоор нэг гадаад үгийг цээжлэхдээ ижил утгатай үгүүдтэй нь хамт цээжлээд эх хэл рүүгээ хөрвүүлэн утгыг нь мэдээд амьдралдаа хэрэглэж чадвал тухайн хүүхдийн тархины цар хүрээ маш өргөн байна.

Х.Нинж-Эрдэнэ Академиа институтын үүсгэн байгуулагч, Монголын англи хэлний холбооны гүйцэтгэх захирал

  • Ямарваа нэгэн хэлийг сурахад 11-12 нас оройтсон нас байдаг. Яагаад гэвэл шилжилтийн үе эхлээд хүүхэд өөрийгөө ойлгох гэж хичээж эхэлдэг болохоор хэл үзэхэд хүнд болоод ирдэг.
  • Хэрвээ та хүүхэддээ гадаад хэл сургая гэж байгаа бол 0-6 насанд нь заах хэрэгтэй. Энэ үед хүүхдийн хүлээн авах чадвар өндөр байдаг.
  • Насны хөгжлийн ангиллыг харахад 0-6 насны хүүхэд хэдэн ч хэлийг эх хэл шигээ сурах боломжтой байдаг.
  • Хэл бол хүч. ОУ-ын жишигт хүчийг эдийн засаг, технологи, ШУ мөн гадаад харилцааг багтааж ойлгодог.
  • Миний анхдагч хэлний суурь сайн байсан учраас хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч хэл рүү хөрвөхөд маш хөнгөн байсан.
  • Эх хэлийг сургахад ээж хариуцлагатай байх ёстой.
  • Монголд буй ОУ-ын сургуулиудад ээж аав нь ирээд манай хүүхэдтэй битгий монголоор яриад бай гэж загнидаг.
  • Манай төрийн бодлогыг харахад орлого багатай айлын хүүхдүүд хэл сурах эрхгүй болсон юм шиг санагддаг.
  • Хэнд боломж хамгийн их нээгдэж байна гэвэл хэлтэй хүнд л нээгдэж байна.
  • Н.Нарангэрэл Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга
  • Монгол хүн монгол хэлээ сайн эзэмшиж төгс сурах нь Монгол улсын иргэний үүрэг юм.
  • Монгол хэлний тухай хуулинд 2025 онд бид хос бичигтэн улс болно гэж заасны дагуу төрийн албан бичгийг кирил, монгол бичгээр хослуулан хөтөлж явуулах заалтыг мөрдөж байна.
  • Монгол хэлийг хүүхдүүддээ сургахад эцэг, эхчүүд болоод цэцэрлэгийн багшийн үүрэг оролцоо чухал.
  • Монгол хэлээ бүрэн эзэмших, хувь хүн болж төлөвших нь монгол хэлний суурь мэдлэгээс эхэлнэ.Үндэстэн оршин тогтнохын гол билгэдэл, мөн чанар бол хэл юм. Хэл ариун байж тухайн үндэстэн ариун байна.
  • Г.Орхон Монгол дахь ESU англи хэлээр харилцагчдын холбооны үүсгэн байгуулагч
  • Бид гадны хүчтэй нөлөөллөөс үндэсний хэл соёлоо хамгаалах үүднээс заавал хоёрдогч хэл гэж зарлах шаардлагагүй.
  • Үндэсний хэл бол зүрх, сэтгэлийн хэл харин гадаад хэл бол хэрэглээний хэл юм. Тэгэхээр бид энэ хоёрыг хослуулж явах нь чухал гэж боддог.
  • Манайх мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх гэж зорьж байна. Тэр утгаараа манай бүтээл хийж байгаа хүмүүс англи хэлгүйгээр цаашлахад нэлээн төвөгтэй болчихлоо.
  • Бид дэлхийн тавцанд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахын тулд гадаад хэлийг зайлшгүй сурах шаардлагатай тулгарч байна.
  • Би дөнгөж их сургуулиа төгсөөд англи хэл зааж байхад дүрэмд баригдсан сургалтын уламжлалт арга барилд баригдсан байсан. Үүнийг л би эвдэхийг хүссэн.
  • Англи хэлээр дамжуулан хувь хүний хөгжлөө дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дэлхийн 51 оронд салбартай англи хэлээр харилцагчдын холбоог үүсгэн байгуулсан.