“Эко сургууль” ISO 14001 стандартад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна

-ISO 14001 нь бүтээгдэхүүн үйлчилгээний стандарт бус байгаль орчноо хайрлан хамгаалах үйл явцын стандарт юм-

Манай улс “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд олон улсын эко сургууль хөтөлбөрийг 2008 оноос хойш хэрэгжүүлж байгаа. “Эко сургууль” хөтөлбөр нь байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартад суурилсан олон улсын хөтөлбөр юм. Манай улсад одоогоор нийт 255 ЕБС эко сургууль хөтөлбөрийн сүлжээнд хамрагдсанаас 45 сургууль нь өөрсдийн идэвх санаачилгаараа амжилттай ажиллаж байна.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн эко сургуулийн хөтөлбөрт хамрагдаж идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 45 эко сургуулиудыг байгаль орчны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулахад зориулагдсан 4 сая төгрөгийн үнэ бүхий сургалтын хэрэглэгдэхүүнээр урамшуулсан байна.

ISO 14001 олон улсын стандарт нь байгалийн нөөц баялгийг хамгийн зохистой , үр ашигтайгаар ашиглах, алдагдлыг багасгах, байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх, бохирдлын эх үүсвэр дээр нь багасгах замаар үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үлдээх ул мөрийг багасгах менежментийн арга хэрэгсэл юм. Товчоор хэлбэл ISO 14001 нь бүтээгдэхүүн үйлчилгээний стандарт бус байгаль орчноо хайрлан хамгаалах үйл явцын стандарт юм.

Тэгвэл ISO 14001 стандартыг хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байгаа ЕБС-ийг Эко сургууль гэж нэрлэнэ. Тэгвэл зорилго зорилтоо ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан ажиллаж байгаа 45 эко сургуулийн нэг нь БГД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль юм.

“Эрдмийн өргөө” цогцолбор сургууль нь 2008 оноос сургууль дээрээ Эко клубыг үүсгэн байгуулж 2015 оноос сургуулийн захирлаар удирдуулсан 11 багш, 30 сурагчтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж идэвхтэй ажилласаар ирсэн байна.

“Эрдмийн өргөө” цогцолборын эко клуб хоггүй сургууль, ногоон байгууламж, эрчим хүч болон усаа хэмнэх аянуудын хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Сургуулийн эко клубээс зохион байгуулсан ажилд сургуулийн бүх багш, сурагч, ажилчид идэвх санаачилгатай оролцож хамтаараа олон амжилтад хүрсэн байна. Тухайлбал: Цахилгаан эрчим хүчээ хэмнэж байгалийн гэрлийг ашиглах, хэмнэлттэй сүүн гэрэл суурьлуулах, асаалттай гэрлийг унтраах зэрэгт хяналт тавьж ажилласнаар сургуулийн нийт тогны зардлыг зургаан сарын дотор дээрх ажлуудыг хэвшүүлж 2 сая 620 мянга 660 төгрөгөөс нэг сая 300 мянга 225 төгрөг болгож 50 хувь бууруулж чадсан байна.

2017 онд эко сургууль хөтөлбөрийн сүлжээнд Архангай, Булган, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймаг нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 сургуулийн нийт 1559 удирдлага, багш, сурагчид сургалтад хамрагдсан байна. Тэгвэл эко сургууль хөтөлбөрийн сүлжээнд нэгдэхийг хүссэн сургуулиудад үнэ төлбөргүй нээлттэй бөгөөд эко сургууль сүлжээний фэйсбүүк хуудас вэбсайтад хандаж бүртгүүлж болох юм байна.

Б.Хулан