Дэд сайдуудыг солих асуудал хөндөгдөж эхэллээ

Хэн нэгний шахаагаар очиж танхимын зарчмаас хазайсан үйл ажиллагаа явуулж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Тэгвэл засгийн газрын дэд сайдуудын суудалд халаа сэлгээ хийх тухай асуудал энэ өдрүүдэд хөндөгдөж эхлээд байна. Одоогоор шинээр есөн дэд сайдын нэр яригдаж эхэлсэн бөгөөд хоёр нь эмэгтэй гэх мэдээлэл цацагдаад байна.

Төрийн байгууллагын удирдах удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо. Сайд нь төрийн нарийн бичгийн даргаа, төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд болохдоо чуулганы индэр дээрээс онцолсон. Тиймээс энэ алдаа завхралыг засах нь түүний засгийн газрын хийх ажил гэж онцолж байв. Өнгөрсөн хугацаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюу Толгой компанийн талаар хувийн үзэл бодолдоо хэт автаж хариуцлагагүй мэдэгдэл хийж, бензин шатахууны үнийг мэдэн будлиж хариулт өгсөн нь нийгэмд ихээхэн бухимдал үүсгэсэн. Тэгвэл Д.Сумьяабазар сайд Танхимын зарчмыг эвдэж хувийн тоглолт хийн улс орны эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл гаргаж байгаа албан тушаалтныг шаардлагатай тохиолдолд эгүүлэн татах асуудлыг засгийн газарт оруулна гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.

Тэгвэл дэд сайдын хариуцлагатай хариуцлагатай албан тушаалд ямар хүн томилогдох тухай хэдийнээ яригдаад эхэлжээ. Завхан аймгаас гаралтай Б.Дашцэрэн гэх энэ эрхэм Д.Загджавын орыг залгахаар яригдаж байгаа бололтой. МУИС-ийг экологич мэргэжлээр дүүргэж, хилийн цэрэгт түрүүч цолтойгоор алба хааж, хил хамгаалах ерөнхий газарт үнэлгээчин, хан-уул дүүргийн татварын хэлтэст ажиллаж байжээ. Энэ мэтээр засгийн засгийн газар есөн дэд сайдын судалд халаа сэлгээ хийхээр ярьж эхлээд байгаа гэгдэж байна. Шинээр яригдаж байгаа дэд сайд нарын дунд хоёр нь эмэгтэй хүн байгаа гэх мэдээлэл ч хөвөрч байна.

Ч.Дэлгэрцэцэг