10-25 насныхны дунд сэтгэл гутралын шалтгаантай амиа хорлох тохиолдол их байна

УЕПГ-аас амиа хорлосон болон амиа хорлох оролдлогын талаар талаар анх удаа судлахад сүүлийн таван жилийн байдлаар л гэхэд 2055 тохиолдол бүртгэгдсэн байна. Хамгийн харамсалтай нь судалгааны дүнгээс харахад амиа хорлосон 74 тохиолдол нь 10-14 насныхан байсан. Харин 531 нь 14-25 насныхан байгаа нь амиа хорлолт залуужиж байна гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Улмаар амиа хорлоход хүргэсэн учир шалтгааныг нь судлахад бусдад уруу татагдах, эцэг эхийн зүй бус харилцаа, сурган хүмүүжүүлэгчийн шударга бус харилцааны улмаас сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд ч байгаа юм. Хэдийгээр сургууль бүрт нийгмийн ажилтан ажилладаг ч ажил үүргийн хуваарийн хувьд хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх хэмжээний мэргэжлийн хүн биш учраас заавал мэргэшсэн сэтгэл зүйчийг ЕБС-д сургуульд ажиллуулах шаардлага өнөө үед бий болжээ.

Сүүлийн үед хүүхдийн сэтгэл зүйг анхааралгүй, эмчлэлгүй явсаар өнөөдрийг хүрч, эцэст нь болчимгүй үйлдэлд хүргэж байгаа нь зөвхөн Монголд ч биш ихэнх улс оронд тулгамдсан асуудал болсон гэдгийг сэтгэл судлаачид хэлж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх цөөхөн хэдэн хүмүүсийн нэг нь сэтгэл зүйч ч гэлээ манай улсын цөөн хэдэн хувийн хэвшлийн сургуульд л энэ орон тоо бий. Харин улсын сургуульд энэ үүргийг нийгмийн ажилтан давхар хашиж байна. Тодруулбал 1500 хүүхэдтэй сургуульд нэг нийгмийн ажилтан оногдож, өөрсдийн мэргэжлийн бус ажлыг давхар гүйцэтгэж байна. Гэтэл манайд сургуульд сэтгэлзүйч ажиллуулах орон тоо байхгүйгээс нийгмийн ажилтан хүүхдэд зөвлөгөө өгснийхөө төлөө шүүхэд дуудагдаж байсан тохиолдол ч гарчээ. Тиймээс ЕБС-д заавал сэтгэл зүйчийн орон тоог нэмэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна гэдгийг багш, нийгмийн ажилтнууд, сурагчдын төлөөлөл үзэж байгаа юм.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn