Энэ сараас ахмадууд нэмэгдсэн хэмжээгээр тэтгэврээ авна

засгийн газрын тогтоолоор 392,8 мянган тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн хэмжээг 27.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280,0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 243,0 мянга, дундаж тэтгэвэр 340.7 мянга болон нэмэгдээд байна. 02 дугаар сарын 01-нээс эхлэн ахмадууд нэмэгдсэн хэмжээгээр тэтгэврээ авч эхэлнэ.

Тэтгэврийн нэмэгдлийн дүн мэдээнээс харахад тэтгэврийн хэмжээг өнгөрсөн хугацаанд нийт 13 удаа үе шаттайгаар, ойролцоо дүнгээр буюу 20 гаруй мянган төгрөгөөр нэмэгдүүлжээ. Нэг хүнд ногдох нэмэгдэл нь хангалттай их биш боловч нийт массаар нь авч үзвэл 300 гаруй мянган тэтгэвэр авагчид сар бүр нэмэгдсэн хэмжээгээр тэтгэвэр олгох нь эдийн засгийн үзүүлэлт сайн биш байгаа энэ үед төсөв болон нийгмийн даатгалын сангийн ачааллыг нэмэгдүүлж байгаа хэрэг юм. 2018 онд л гэхэд тэтгэврийн нэмэгдэлд зориулж нийгмийн даатгалын сангийн зарлагын төсвийг 119.5 тэрбум төгрөгөөр нэмж баталсан байна. Тиймээс тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байгаа талаар нийгмийн даатгалын байгууллагаас тайлбарлаж байгаа юм.

Тэтгэврийг нэмэгдүүлэхээс гадна ахмадуудын нийгмийн баталгааг хангах чиглэлд авч хэрэгжүүлсэн өөр нэг арга хэмжээ нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан явдал юм. Нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь арилжааны банкнаас 680.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авсан байдаг байна. Нийгмийн даатгалын байгууллага арилжааны банкнуудтай харилцан тохиролцож, 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 18-иас 12 хувь болгон бууруулснаар 100 гаруй мянган тэтгэвэр авагч жилд 5 тэрбум төгрөг хэмнэж, зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх боломж бүрдсэн талаар холбогдох албаныхан мэдээлж байна.

Ч.Дэлгэрцэцэг