Хөгжим шиг хоолойтой хөгжимчин охин Ц.Энгүүн

Дэлхийд танигдах Монгол дуучныг тодруулах The Voice of Mongolia шоу улам үзүүштэй, сонирхолтой болсоор байна. Энэ долоо хоногийн шинэ дугаарт гэхэд л хөгжим шиг уянгалаг хоолойтой охин шоуны жинхэнэ гайхамшиг байлаа. Тэр бол Монгол улсын Консерваторын хийл хөгжмийн ангийн сурагч Ц.Энгүүн юм. Түүний дуугаа мэдэрч буй мэдрэмж, авьяас чадвар давтагдашгүй байлаа. Тэгвэл тэр зөвхөн дуулаад зогсохгүй хийл хөгжимдөө ч гаргууд нэгэн бололтой. Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд хоёр ч удаа тэргүүн байр эзэлж байсан нь түүнийг хийл хөгжимдөө ч чадамгай болохыг илтгэж байгаа юм.

Багаасаа хөгжмийн сонсгол сайтай болохыг мэдсэн ээж аав нь түүнийг анх хийл хөгжмийн ангид элсүүлэхэд тэр хийл хөгжимд огт сонирхолгүй байсан гэнэ. Харин өдгөө тэр Монголын сонгодог хөгжмийн ирээдүй байж мэдэхээр хөгжимчин болон төлөвшсөн байна. Тэр багаасаа дуулах авьяас, хөгжмийн онцгой мэдрэмжтэй болох нь тодорсон ч өнөөг хүртэл дууны төрлөөр ямар нэг тэмцээн уралдаанд оролцож олны өмнө ил гарч байгаагүй. Харин тэр The Voice шоунд оролцож олон хүмүүст урлаг гэдэг зөвхөн хүсэл сонирхлоор биш, хичээл зүтгэл, мэдрэмжээр хэмжигддэг зүйл болохыг харуулж чадсан болов уу. Сонирхолтой нь сонгодог хөгжмөөр гоцолдог авьяаслаг охин маань рок хөгжмийн жинхэнэ хорхойтон гэнэ. Хэзээ нэгэн цагт тэр өөрийн мэдрэмж, төрөлхийн авьяас чадвараараа амьд хөгжимд зориулах болбол гайхах зүйлгүй. Ямартай ч тэр энэ шоуны хамгийн хүчтэй оролцогчдын нэг болох нь тодорхой.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.