Өнөө орой 19:30 минутаас шоугаа хүлээн авч үзээрэй

The Voice of Mongolia шоуны эхний шат үргэлжилж байна. The Voice шоуны ижил төрлийн бусад шоунаас ялгарах онцлог нь зөвхөн оролцогчдын төдийгүй шүүгчдийн хоорондын өрсөлдөөн байдаг. Оролцогчдын дуу хоолой сонирхол татаж, сонор мялаахын зэрэгцээ шоуг сонирхолтой, салахын аргагүй болгож байгаа гол зүйл нь шүүгчдийн хоорондын өрсөлдөөн юм. Та бүхэн ч гэсэн тэдний хэн нь хамгийн сайн продюсер байж өөрийн багаас шоуны жинхэнэ ялагчийг тодруулж чадах бол гэдгийг битүүхэндээ таамаглаж л байгаа биз дээ. Шоуны эхний хоёр дугаарын дараа С.Ононбат шүүгч Г.Бүрэн-Ирээдүй, П.Ариунчимэг, Ц.Баяржаргал, Б.Идэржавхлан, Б.Очирбат, Б.Өлзий нарын зургаан гишүүнийг багтаа элсүүлээд байна. Харин өөрийн хөгжилтэй байдал, ов мэхээрээ олны хайрыг татсан Д.Болд шүүгч Л.Насанбуян, С.Идэрмаа, Я.Баярчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, О.Бүжинлхам нарын таван оролцогчийг багтаа элсүүлж чадсан. Бидний чихэнд хоногшсон олон сайхан дууны эзэн, мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлтэй Д.Отгонбаяр шүүгч хүчтэй хоолойтой хүмүүст илүү талтай байгаа нь харагдаж байна. Одоогоор түүний хүчирхэг багт Г.Мөнх-Эрдэнэ, Т.Наранхүү, Б.Эрдэнэжаргал, А.Идэрбат нарын дөрвөн залуу багтсан байна. Тэгвэл орчин үеийн залуусын дунд дуулиан болсон дуучин Д.Уламбаяр буюу Ука шүүгч оролцогчдод хамгийн их дэм өгдөг хүн яах аргагүй мөн. Дуу хөгжмийн салбарын акулууд болсон бусад гурван шүүгчтэй өрсөлдөх багтаа тэрээр мөрөөдөлдөө хамгийн үнэнч, гал цогтой, ялдам охидоор бүрдүүлж байна. Түүнтэй хамт шоуг цааш үргэлжлүүлэхээр Э.Буянгэрэл, Б.Алунгоо, Г.Маргад, С.Даваажаргал нар сонголтоо хийсэн.

Шоу маань цаашид ч улам бүр сонирхолтой, үзүүштэйгээр үргэлжлэх болно. Энэ шатанд шүүгч бүр 16 оролцогчийг сонгон баг бүрдүүлэх ёстой. Ингэхээр үлдсэн 6 долоо хоногийн хугацаанд шүүгчид дунджаар 40 гаруй оролцогчийг тэнцүүлэх боломжтой гэсэн үг. The Voice-ийн тайзан дээрээс мөрөөдөлдөө хүрэх эрмэлзэл дүүрэн оролцогчдын хувьд энэ давааг туулахад улам бүр хүндэрч байгаа хэрэг юм.

Өнөө оройны The Voice of Mongolia шоуны шинэхэн дугаарт авьяаслаг хүчирхэг оролцогчид, шинэ, өвөрмөц дуу хоолой, шуугиан тарих үйл явдлууд таныг хүлээж байна. Шоугаа өнөөдөр орой 19:30 цагаас хүлээн авч үзээрэй.