Ардчилсан нам улс орон даяар “Бүх нийтийн тайван жагсаал” зохион байгууллаа

 

Энэ сарын 2-нд Ардчилсан нам улс орон даяар бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Эрх баригч Монгол ардын намын сонгуулийн амлалт болон 12-р сард хүргүүлсэн тодорхой заалт бүхий хугацаатай шаардлагын хариуг хариуцлагын хамтаар тэд нэхжээ. Гэтэл эрх баригч нар гал намжаасан цөөхөн үйлдлээрээ шаардлагад хариу өгсөн болоод өнгөрч, хууран мэхлэх гэж байна. Монголын ард түмнийг доромжилж, хуурч болдог гэсэн хандлагатай хүмүүс жагсаал цуглаанаар сануулга өгөх цаг нь болсон гэж ардчилсан нам үзсэн юм. Тэгвэл бүх нийтийн жагсаалд Ардчилсан намын үзэл баримтлалыг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэсэн 30 мянга гаруй хүн Сүхбаатарын талбайд цуглалаа. Тэдний хэлж байгаагаар ман-ын сонгуулийн амлалт биелээгүй, ОУВС-гаар халхавчлан иргэдийн амьдралд татварын дарамт үзүүлсэн, өнгөрсөн өдрүүдэд шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэж үзэж байна. Хэдийгээр ОУВС-гий төлөөлөл ирж, ХХОАТ-ын шатлалыг зогсоож, татварын хэмжээг 10 хувьд нь барих, тэтгэвэр тогтоолгох насыг хуучин хэвээр нь үлдээх, шатахууны онцгой албан татварыг тэглэсэн гээд гал унтраах шийдвэр гаргасан ч иргэдийн нуруун дээр үүрүүлсэн ачаа хөнгөрсөнгүй гэдгийг жагсаал цуглаанд оролцогчид онцлон хэлж байлаа.

Түүнчлэн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хэлж байгаагаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал дордож, гадаад өр өдрөөс өдөрт нэмэгдэж, улсын баялаг хэдэн гэр бүлийн гарт очлоо. Энэ бүхнийг харсаар суух уу. Бид мориндоо мордох цаг ирсэн. Төр нь ард түмнийхээ төлөө ажилладаг болтол тэмцэнэ гэдгийг жагсаал цуглааны үеэр гишүүд, дэмжигчид хуран цугласан хүмүүст хэлсэн юм.

Ардчилсан намын шаардлагад ОУВС-гаар халхавч хийн нэмсэн есөн төрлийн татвараа цуцлах, агаарын бохирдлыг бууруулах тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх, үндсэн хуулийн үзэл баримтлал, язгуур зарчмыг алдагдуулсан хуулийн төслийг холбогдох хууль зөрчин хэлэлцүүлж буй явдлаа зогсоохыг тусгасан. Өгсөн шаардлагынхаа хариуг, сонгуулийн амлалттай хамтатган нэхсэн жагсаал, цуглааны үр дүнд эрх баригч нам маргааш буюу хоёрдугаар сарын 5-нд шаардлагын хариуг өгөхөөр болсон байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn