Гал цогтой охин Г.Маргад Ука шүүгчтэй хамтран ажиллахаар боллоо

Хүсэл мөрөөдөл байгаа цагт хүрэх зам хэзээд гэрэлтдэг бололтой. Шоуны 2 дахь дугаарт хүсэл мөрөөдөл нь ундарсан өөртөө итгэлтэй, гялалзсан эрч хүчтэй охин Г.Маргад үнэхээр тод байж чадлаа. Тэр The Voice-ийн тайзан дээр бүхнээс ангид ганцаараа гэрэлтэж байсан юм. Тийм ч учраас шүүгч Д.Уламбаяр эргэж харахгүй өнгөрч чадаагүй бололтой.
Түүний эмээ, ээж хоёр хоёулаа бүжигчид учраас тэр багаасаа жинхэнэ урлагийн хүн болон хүмүүжжээ. Цэцэрлэгт байхаасаа л тэмцээн уралдаанд байнга оролцож ирсэн бөгөөд “Монгени” сургуульд ороод 1-р ангиасаа эмээгийнхээ зөвлөснөөр уртын дуу дуулах болсон байна. Харин хэдэн жилийн дараагаас тэр уртын дуунаас илүү Rn’B, Jazz чиглэлээр дуулахыг илүүд үзэх болжээ. Тэр одоо багын хүсэл мөрөөдлөө даган “Сити” их сургуульд жүжигчний 2-р дамжаанд суралцаж байгаа. Тайзан дээр гармагцаа жинхэнэ эрх чөлөө, өөрийн дотоод хүчийг мэдэрч байгааг нь харахад дэлхийд алдартай жүжигчин болох мөрөөдөл нь биелэхэд гайхах зүйлгүй.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.