Youtube дэх The Voice of Mongolia сувгийн хандалт 10 өдрийн дотор 4 сая давлаа

Дэлхийд алдартай телевизийн контент “The Voice” шоу Монголд анх удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Хүсэл мөрөөдөл оргилсон зуу зуун оролцогч, хөгжмийн салбарт байр сууриа эзэлж, хүндлэл хүлээсэн чадварлаг шүүгчдийн сонирхолтой өрсөлдөөн ням гараг бүр танай гэрт баяр баясал, инээд хөөр, догдлол бахархал төрүүлэн 17 ням гарагийн турш үргэлжлэх болно. Тэгвэл тус шоуны хамгийн чухал зорилго бол зурагтынхаа өмнө тухлан суух халуун, дулаан гэр бүл юм. Өнөөгийн өдөр тутмын амьдралд шийдлээ хүлээсэн асуудлууд, нийгмийн уур бухимдлаас түр ч гэсэн холдуулж, айл гэрийн гишүүн бүрийг нэгэн зүйлд нэгтгэж эерэг, дотно уур амьсгал бүрдүүлэх нь Монгол телевизийн хамт олон бидний хамгийн чухал зорилго билээ. Шоу гарч эхэлснээс хойш богино хугацаанд үзэгчдийн тоо эрс нэмэгдэж, зөвхөн Монголчууд төдийгүй дэлхийн үзэгчид шоуг маань баяртайгаар хүлээн авч байгааг энд дурьдахгүй өнгөрч болохгүй биз. Тэгвэл шоу эхлээд ердөө 10 өдрийн хугацаанд Youtube дэх The Voice of Mongolia сувгийн нийт хандалт 4,225,700 нэгжид хүрсэн байна. Шоу цаашид улам сонирхолтой, өрсөлдөөнтэйгөөр үргэлжилж бидний урьд өмнө сонсож байгаагүй гайхамшигтай дуу хоолойн эзэд, олон арван авьяастнууд тайзнаа гарах ээлжээ тэсэн ядан хүлээж байна. Та бүхэн Ням гараг бүрийн орой 19:30 минутаас шоуны шинэхэн дугааруудыг хүлээн авч үзээрэй. Мөн телевизээр үзэж амжаагүй бол ORI.MN – ээс бүрэн эхээр нь үзэх боломжтой. Монгол дуу хоолой, авьяас чадвар дэлхий дахинаа шагшин гайхагдах цаг үргэлжилсээр…