Өвөрмөц дуу хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулсан Б.Мөнх-Эрдэнэ

The Voice шоуны шинэ дугаарт содон, сонирхолтой, авьяаслаг оролцогчид цөөнгүй байсны нэг нь ээжийгээ дуурайсан өвөрмөц хоолойтой залуу Б.Мөнх-Эрдэнэ байлаа. Түүний өөрийн гэсэн этгээд хэв маяг, хоолойн тогтоц нь үнэхээр содон байж чадсан. Түүний ээж бол 1990-ээд оноос өмнө Төмөр замын Варьете чуулгад дуулж, “Мөнгөн харандаа” хамтлагийн дуучин байсан Д.Түвшинтунгалаг юм. Түүнийг Монголын хамгийн анхны эмэгтэй рок дуучин ч гэдэг. Ямартай ч тэд бол төрөлхийн өвөрмөц хоолой, авьяас чадвараараа Монголын дуу хөгжмийн салбарт нэрээ гаргах л ёстой гэр бүл бололтой.

Гэхдээ урлагийг сонгосон хүний зам хүндийг мэдэх ээж нь хүүгээ дуучин болгохыг хүсээгүй учраас барилгын инженер болгохоор шийдсэн байна. Б.Мөнх-Эрдэнэ түүний хүссэн мэргэжлээр суралцсан хэдий ч огт сонирхолгүй учраас мэргэжлээрээ ажилласангүй. Ингээд хүүгээ дуулах чин хүсэлтэй гэдгийг ээж нь мэдэх учраас төрсөн өдрөөр нь хүүдээ гитар бэлэглэсэн нь Б.Мөнх-Эрдэнийн амьдрал, зам мөр, хүрэх зорилгыг тэр чигээр нь өөрчилжээ. Энэ бэлэг бол түүний хувьд амьдралдаа авч байсан хамгийн сайхан бэлэг байсан тухай тэр ярилцлагадаа дурдсан байна. Ингээд Монголын рок хөгжимд шинэ үзэгдэл болсон дуучин залуу дараагийн шатанд хэрхэн оролцохыг хамтдаа харцгаая.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.