Амазон компанийн анхны худалдагчгүй, кассгүй дэлгүүр үүд хаалгаа нээлээ

The Amazon Go store in Seattle. (AP Photo)

АНУ-ын Амазон компани касс болон худалдагчгүй дэлхийн хамгийн анхны дэлгүүрийг АНУ-ын Сиэтл хотод нээжээ. Амазон компанийн зүгээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг тус дэлгүүрийг нээх гэж байгаагаа анх 2016 оноос эхлэн танилцуулсан бөгөөд хоёр жилийн дараа ийнхүү хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Амазон компанийн Сиэтл дэх салбарын нэгдүгээр давхарт нээгдсэн тус дэлгүүрт хүмүүс ухаалаг гар утсандаа “Amazon GO” аппликэйшн суулгаснаар үйлчлүүлэх боломжтой болох гэнэ. Дэлгүүр рүү нэвтрэхдээ утасныхаа аппликэйшнийг уншуулан өөрийн авахыг хүссэн бараагаа цүнх рүүгээ эсвэл халаасандаа хийгээд ч авч болох бөгөөд заавал сагсанд хийхийг шаардахгүй.

Дэлгүүрийн лангуу бүр дээр суурилуулсан хянах камер болон мэдрэгчийн тусламжтайгаар тухайн үйлчлүүлэгчийн худалдаж авсан бүтээгдэхүүний үнийг нийт худалдан авалтын дүн дээр автоматаар нэмж тооцох бөгөөд харин барааг лангуун дээр буцааж тавихад мөнгөн дүн мөн автоматаар хасагдана. Дэлгүүрт кассын ажилтан, худалдагч байхгүй ч хэрэглэгчдийн тав тухтай байдлыг хангах үүднээс тогооч, бараа өрөгч, зөвлөгч зэрэг хүмүүс ажиллах аж.

Хэрэгцээтэй бараагаа худалдан аваад кассанд бичүүлэх, дугаарлах шаардлагагүйгээр шууд л дэлгүүрээс гарч болох бөгөөд 10 минутын дараа худалдан авсан барааны тооцоо кредит картнаас нь автоматаар хийгдэх журмаар үйл ажиллагаагаа явуулна. Даваа гарагт үүд хаалгаа нээж техник технологи хурдацтай хөгжиж байгааг харуулж чадсан энэхүү дэлгүүр нь цахим худалдааны хамгийн том компани болох Амазоны үйлчилгээ биет байдлаар хүмүүст хүрч эхэлсний томоохон нэгэн жишээ боллоо.

Б.Амарзаяа