Хоёрдугаар сарын нэгнээс тэтгэврийг 27000 төгрөг, халамжийн тэтгэмжийг 15000 төгрөгөөр нэмнэ

Засгийн газар ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тэтгэврийг 27,000 төгрөг, харин халамжийн тэтгэмжийг 15,000, асаргааны тэтгэмжийг 6000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээнд өөрчлөлт оруулснаар 393 мянган иргэний тэтгэвэр, 61 мянган гаруй хүний халамжийн тэтгэвэр, 59 мянган иргэний асаргааны тэтгэмж нэмэгдэж байгаа юм байна.

Үүнээс гадна тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг шинэчлэн тогтоолоо. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280,000 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243,000 төгрөг байхаар өөрчилсөн байна. Харин нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 155 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоожээ. Энэ оны төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn