2018 онд 13,500 орчим малчин 50, 55 насандаа тэтгэвэр тогтоолгох тооцоо бий

Малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар урагшлуулснаар энэ онд 50 настай эмэгтэй, 55 настай эрэгтэй малчид тэтгэврийн мөнгө авахаар болсон. Ингэхдээ малчид 20-оос доошгүй жил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлсөн байх шаардлагыг тавьжээ. Тэгвэл 2018 оны байдлаар энэ болзлыг хангасан 13,500 орчим малчинд зориулж, 44,7 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм байна.

Манай улсын хэмжээнд 330,000 гаруй малчин байдаг. Энэ нь нийт ажиллах хүчний 30 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд малчдын 9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг юм байна. Эдгээр иргэдээс энэ онд тэтгэвэр тогтоолгох болзол хангаж, 50 нас хүрсэн эмэгтэй, 55 настай эрэгтэй малчин иргэдийн хувьд хамгийн эхэнд тавигдах үндсэн шалгуур бол нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар болон сайн дураар төлсөн байх шаардлагатай. Хэрэв малчин 1968 оноос мал маллаж байсан тохиолдолд жилд 110-150 хоног ажилласныг нэг жилээр тооцдог байсан. Харин 1972 оноос эрэгтэй, эмэгтэй малчдын хувьд 250 хоног ажилласныг нэг жилээр тооцно. Хэрэв аж ахуйн нэг, байгууллагад харъяалагдан мал малладаг байсан бол тухайн үеийн Хөдөлмөрийн дэвтэр, Засаг даргын тодорхойлолт, Малчны тэтгэвэр авах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл зэргийг бүрдүүлнэ. Үндсэндээ малчид тэтгэвэр тогтоолгохын тулд 20-оос доошгүй жил хөдөлмөр эрхэлсэн байх бөгөөд үүн дотроо эмэгтэйчүүд 12 жил 6 сард нь малчин, харин эрэгтэйчүүд 15-аас доошгүй жил мал малласан малчих байх шаардлагыг тавьжээ.

Харин сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан малчны хувьд өөрийгөө хэдий хугацаанд мал маллаж байсан тухайгаа баримтаар нотолно. Тухайлбал ҮСХ-ны жил бүрийн 12-р сард явагддаг “Мал тооллого”-ын үеэр малчин өрх, малтай өрх зэргээр нь ангилж, бүртгэдэг байсан. Энэхүү тооллогын архивыг үндэслэн тухайн малчныг хэдэн жил мал малласан гэдгийг тогтоолгож болно. Малчдын тэтгэвэр тогтоолгох иргэд харъяа дүүрэг, орон нутгийн Нийгмийн даатгалын хэлтэст эмэгтэй 50 нас, эрэгтэй 55 нас хүрмэгц хандах юм байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn