Урт наслах нууц: Таны харилцаа

Эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдтэй харьцуулбал 6-8 жилээр урт байдгийг судалгаагаар тогтоосон. Тэгвэл 2015 онд эрүүл мэндийн чиглэлээр судалгаа, мэдээлэл нийтлэдэг Лансет сонин дээр гарсан нэгэн нийтлэлд чинээлэг орнуудад амьдардаг аль ч насны эрчүүдийн нас барах магадлал нь эмэгтэйчүүдтэй харьцуулбал хоёр дахин илүү байдгийг тогтоосон байна.

Харин дэлхий дээр эрчүүд эмэгтэйчүүдийн адилаар эн тэнцүү урт насладаг цорын ганц газар байдаг нь Италийн Сардин арал аж. “Хөх бүс” хэмээн нэрлэгддэг Газар Дундын тэнгист орших тус газарт нас сүүдэр 100 давсан хөгшид олноороо амьдардаг. Тэдний ер бусын урт наслалтын гол шалтгааныг тогтоохоор АНУ-ын сэтгэл зүйч Сюзан Пинкер гэгч эмэгтэй судалгаа явуулжээ. Тэрээр судалгааныхаа явцад Сардины арлын оршин суугчдын урт наслаж буй шалтгааны 25 хувь нь тэдний генээс хамаардаг бол үлдсэн 75 хувь нь тэдний амьдралын хэв маягаас шалтгаалдгийг олж тогтоосон байна.

Тэдний 100 наслаж байгаа гол нууц юу вэ? Сардины арал дээр Виллагранд хэмээх жижигхэн тосгон байдаг. Тус тосгоны барилга байшингууд хоорондоо шигүү, ойрхон баригдсан тул оршин суугчид нь бие биетэйгээ байнгын холбоотой, ойр амьдардгийг анзаарчээ. Аж үйлдвэржилтийн нийгмээс шилжих үед дэлхий дээр халдварт өвчний тархалт нэмэгдсэн учир түүнийгээ дагаад хүмүүсийн амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж, халдварт өвчнөөс хол, эрсдэлгүй, хүн багатай газар оршин суухыг эрмэлздэг болжээ. Тэгтэл өнөөгийн нийгэмд хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол халдварт өвчин бус харин нийгмээс тусгаарлагдах, ганцаардах үзэгдэл болж өөрчлөгдсөн байна. Хэдэн хүнтэй хамгийн ойр дотно байдаг талаар нь хүмүүсээс судалгаа авч үзэхэд 30 хувь нь 2 болон түүнээс бага хэмээн хариулжээ.

Хүмүүсийн нас барах магадлал ямар хүчин зүйлээс болж буурдаг талаар Бригхам Ёнг их сургуулийн судлаач Жулианна Холт-Лунстад хэдэн зуун мянган дундаж эргэм насны хүмүүс дээр судалгаа явуулсан байна. Судалгаагаа явуулахдаа тэрээр хүмүүсийн идэж буй хоол хүнс, дасгал хөдөлгөөн, гэр бүлийн байдал, эмчид хэр их үзүүлдэг, архи тамхи хэрэглэдэг эсэх зэрэг бүхий л хүчин зүйлүүд дээр тулгуурлан 7 жилийн турш явуулжээ. Тэгтэл хүмүүсийн нас барах эрсдлийг бууруулж буй хамгийн том хүчин зүйлээр хэний ч төсөөлөөгүй үр дүн гарсан байна.

Нас барах эрсдлийг бууруулж, хүмүүсийг урт удаан жаргалтай амьдрахад нийгмийн буюу хүмүүсийн харилцаа хамгийн чухал гэж судалгаагаар гарчээ. Үүнд таны өдөрт хэдэн хүнтэй харилцдаг, хичнээн хүнтэй багахан ч хамаагүй яриа өрнүүлдэг зэрэг хамаарах гэнэ. Түүнчлэн өглөө бүхэн танд халуун кофегоор үйлчилдэг баристатай та яриа өрнүүлдэг үү? Та ямар нэгэн ярианы эсвэл номын клубд явж, нийгмийн идэвхтэй амьдардаг уу? зэрэг энгийн мөртлөө бидний нэг их анзаардаггүй зүйлүүд нь таны хэр урт удаан, аз жаргалтай амьдрахыг тодорхойлдог ажээ.

Урт наслалтанд нөлөөлөгч хүчин зүйлс /TED.com/

Эх сурвалж: TED.com

Б. Амарзаяа