Д.Хаянхярваа: Шатахуун импортлогч Засгийн газар хооронд ойлголцох асуудал байна

Сүүлийн 14 хоногийн туршид шатахуун импортлогчид шатахууны зохиомол хомсдол үүсгэж нийгэмд багагүй бухимдал үүсгээд байна. Тэгвэл энэ асуудал засгийн газар шатахуун импортлогч хоорондын үл ойлголцлоос улбаатай болохыг эрх баригчид мэдэгдээд байна. Харин сөрөг хүчин ОУВС-ийн шахалт нэрийн дор 7 төрлийн татвар нэмсэн нь эрх баригчдын алдаа болж түүний горыг ард түмэн эдлэж байна гэлээ.

Он солигдох мөчтэй зэрэгцэн шатахуун импортлогчид зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийнээ үнийг өсгөж эхэлсэн. Төд удалгүй иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 шатахууны зохимол хомсдлыг бий болгож үнэ нэмэгдсэн бүтээгдэхүүнээ хүчээр шахаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнийн зөвлөлөөс АИ 80, 92 шатахууны үнэ болон хангамжийг тогтвортой байлгах зөвлөмж гаргасан. Гэвч үүнийг шатахуун импортлогчид үл хүндэтгээд өдийг хүрч байна. Тэгвэл ийм нөхцөл байдал үүссэн нь эрх баригчдын бодлогын алдаа гэж сөрөг хүчин дүгнэж байна. Тодруулбал өнгөрсөн онд 7 төрлийн татвар нэмэх шийдвэр гаргасан нь ийнхүү ард иргэдэд дарамт болж байна гэлээ. Шатахууны үнэ өссөнөөр өнөөдөр зарим нэр төрлийн өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гэж АН-ын бүлэг мэдэгдлээ.

Татварын нэмэгдлийг эргэн харах асуудлаар ирэх 2 сарын нэгний дотор шийдвэртэй алхам хийх хугацаатай мэдэгдэлийг АН-аас УИХ, Засгийн газрын тэргүүн нарт өгөөд байгаа юм. Хэрэв шаардлагад ямар нэг хариу өгөөгүй, шийвэртэй алхам хийгээгүй тохиолдолд УИХ, Засгийн газрыг тараах хэмжээний акци өрнүүлэхээ мэдэгдээ байгаа юм.

Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдал нь Засгийн газар шатахуун импортлогчидтой ойлголцох хүрээнд үүссэн асуудалтай холбоотой тухай яриа МАН-ын бүлгийн хурал дээр өрнөжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ:

Засгийн газар энэ асуудлаар шатахуун импортлогчидтой ярилцаж байгаа. А-80, АИ-92 бензиний үнийг нэмэхгүй. Харин дизель түлш, А-95, А-98-ын үнийг нэмэх асуудал ярилцсан. 45 хоногийн шатахууны нөөц байгаа. Ганцхан шатахуун импортлогчидтой ойлголцох хүрээнд тодорхой асуудал байна. Зарим шатахуун түгээх станц санаатай, санамсаргүй үйлдлээр хомсдол бий болгож байгааг анхааралдаа аваарай гэж Засгийн газарт сануулсан гэлээ.

Гүйцэтгэх засаглал шатахуун импортлогчидтойгоо ойлголцож чадахагүй байгаа шалтгааныг горыг хагас сарын туршид жирийн иргэд амсаж байна. Монголын төр бүхэл бүтэн стратегийн салбараа хувийн хэвшилд даатагчихаад тэдэндээ үг хэлэлгүй толгойг нь илж ирснийхээ шанг ийнхүү хүртэж байна. Шаардлага, шахалтыг нь биелүүлэхгүй бол борлуулалтаа зогсоож монгол улсыг төр, ард иргэдтэй нь өмнөө сөгдүүлж хүссэндээ хүрэхээр улайрч байгаа байдал хэр удаан үргэлжлэх вэ гэх бухимдал нийгэмд үүсээд байна.

Ч.Дэлгэрцэцэг